Green Corner

PET Хуванцар боловсруулах тойрог эдийн засгийн төв цэг

Нийтэлсэн: У.Түвшинбаяр 2026.02.01 23:33 369 үзсэн
PET Хуванцар боловсруулах тойрог эдийн засгийн төв цэг

PET Хуванцар боловсруулах тойрог эдийн засгийн төв цэг нь иргэн байх нь. Түүнчлэн цуглуулалтын хэмжээг өсгөх нь ч иргэний оролцооноос шууд хамааралтай.

Үүрийн 5 цаг. Байрны ихэнх айлууд унтаж байхад СӨХ-ийн ажилтан Д.Гантөмөр гурван ширхэг том ногоон саван дахь хогоо ялган зогсоно. Гадаах хүйтнээс шалтгаалж, ажлын бээлий нь цан цохисон байв. Түүнчлэн хогийн сав нь номин, имарт, гэх мэт бичигтэй өнгө өнгийн торонд боож зангидсан хог, хайрцаг, бусад задгай хогоор дүүрч асгарсан харагдана. “Хүүхдийн живх, хоолны үлдэгдэл, ундааны сав, лааз, шил бүгд нэг уутанд. Ингээд л ялгахгүй хаячихдаг юм” гэж тэрээр санаа алдан өгүүлнэ. Хогоо ялгахгүй шууд ачуулж болдоггүй юм уу гэхэд, “Ялгаад хаявал овор хэмжээ нь багасдаг юм. Манай хотхон 500-н айлтай. 3 хоноод 10 тонны контайнероор дүүрэн хог ачуулдаг. Тэгэхээр өдөрт багадаа 1-2 тонн хог гарч байна. Маш их хог шүү дээ. Үүн дотор ундаа усны савны эзлэх хувь маш өндөр” гэв. Энд уг нь “Хогоо ангилж хаях цэг” гээд биччихжээ. Хүмүүс ялгаж хаяхгүй байна уу? “Ялгадаг айл маш ховор. Зарим нь хуванцар саван дотроо цаас салфетка тамхины иш хийчихдэг тул шууд хаядаг” гэлээ.

Тус хотхоноос хоногт 25-30 кг ус ундааны хуванцар сав гардаг бөгөөд дахин боловсруулах боломжтой буюу дотор нь хог хаягдал чихээгүйг нь хотхон дотор харьяа газрынх нь хүмүүс ирж килограмм тутмыг 300 төгрөгөөр худалдаж авдаг аж. Энэ жишээг харвал, Монгол Улсад хуванцар дахин боловсруулах гинжин хэлхээ үүссэн байгаа нь сайшаалтай. Хотын захын дүүрэгт мөн л адил байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо найрамдал хүүхдийн зуслангийн бүсэд байрлах 10-р байрны хог ачилтын явцад хуванцрыг бусад хогноос ангилан ялгаж байгаа юм. Хог ачилтын ажилтан н.Батдоржийн хэлж буйгаар, “Энэ байрны хувьд гурав хоногт нэг удаа ачихаар ирдэг. Нэг ирэлтэд л 3-4 том таар шуудайгаар ундаа усны сав цуглуулдаг. Бид төв рүү орох замдаа хуванцар цуглуулах цэгт тушаадаг. 50-70 мянган төгрөг болдог юм. Ундаа усны саваа тусад нь уутлаад хаядаг айл бараг л үгүй. Бүх хогууд холилдсон байдаг. Хүрздэх явцдаа чадах хэрээрээ л ялгана. Гэхдээ нэг бүрчлэн түүж чаддаггүй. Хогтой хамт ачигдсан хуванцар савууд Улаанчулуутын хогийн цэгт очдог. Тэнд ундаа усны сав түүж, цэгт нь тушаадаг хэдэн зуун хүн бий” гэлээ.

Зураг 2. 

Сонгинохайрхан дүүрэг 21-р хороо. Найрамдлын 10-р байр. Хог ачилтын явц.

PET хуванцрыг дахин боловсруулах гинжин хэлхээ нь:  Шинэ бүтээгдэхүүн- Харилцагч хэрэглэгч- Цуглуулагч- Дахин боловсруулах гэх тойргоор эргэлддэг байна. Тэгвэл гинжин хэлхээний үе шат бүрийг нарийвчлан авч үзэж, чухам хаанаа тасалдал, хаанаа эрчимтэй үйл ажиллагаа явагдаж буйг харцгаая.

Хамгийн хэцүү үе шат болох хуванцрыг дахин боловсруулж, үйлдвэрлэх процессын хувьд Монгол улс хэдийн тойрог эдийн засаг үүсгэх замдаа тууштай давхиж явна. Учир нь MCS Coca-Cola компанийн санаачилгаар дэлхийн стандартад нийцсэн TML хуванцар дахин боловсруулах үйлдвэрийг одоогоос 5 жилийн өмнө ашиглалтад оруулжээ. Монгол Улсын хэмжээнд нэг жилд 18 мянган тонн хуванцар хаягдал гардаг бол TML үйлдвэр нь жилд 20 мянган тонн хуванцар боловсруулах хүчин чадалтай. Түүнчлэн монголд олон нийтэд зөв дадал хэвшил суулгах, боловсрол олгох, тойрог эдийн засаг бий болгохоор хуванцар цуглуулалтын SESL компани үйл ажиллагаагаа эхлүүлэв. Ингэснээр 100 хувь импортолж байсан хуванцар савны түүхий эдийг анх удаа дотооддоо үйлдвэрлэсэн аж. Мөн монголдоо 100 дахин боловсруулсан савлагаатай анхны ус Bonaqua ирэх 3-р сард зах зээлд нийлүүлэх юм. Үүгээр ч зогсохгүй дахин боловсруулах боломжтой хаягдлыг улсын хэмжээнд тээвэрлэх логистикийн сүлжээг үүсгэсэн байна.

Зураг 3.

TML үйлдвэрийн процесс

Хувийн хэвшлийн компаниудаас санаачлан Монгол Улсад нэн тулгамдаж буй хуванцар хаягдлын асуудлыг шийдэж буй нь тун сайшаалтай боловч төр засгийн болон иргэдийн зүгээс энэ тал дээр анхаарал сул байгаа нь хэд хэдэн баримтаас харагдаж байна. Тухайлбал, TML үйлдвэрийн харилцагчдын мэдээллийг харвал, СӨХ 47 хувь,  харин иргэд 5 хувьтай байна. Мөн тус үйлдвэр боловсруулах бүрэн хүчин чадлаасаа 5 дахин багаар ажиллаж буй. Учир нь 18 мянган тонн хуванцар хаягдлын 4 мянган тонн нь цуглардаг аж. Цуглуулалт төдийлөн хангалттай биш байгаа нь иргэдийн мэдлэг дутмаг байгаатай холбоотой. 

График. Дахин боловсруулсан хуванцарыг хэр сайн мэдэх эсэх, хувиар

Эх сурвалж. Монгол Улс дахь дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээлийн судалгааны тайлангаас.

Тэгэхээр гинжин хэлхээний харилцагч хэрэглэгчээс түүхий эд цуглуулалт гэдэг үе шат дээр тасалдал үүсэж байна. Энэ талаар “Хог хаягдалгүй монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал Франк Шеперс хэлэхдээ, “Хуванцар савыг ахуйн хогноос ялган ангилах хэрэгтэй. Хэрвээ бүгдийг нь холиод булчихвал дахин боловсруулах боломжгүй. Хүмүүс хуванцар савыг хаягдал гэхээс илүүтэй шинэ бүтээгдэхүүн бий болгох үнэ цэнтэй материал гэж харах хэрэгтэй. Түүнчлэн дахин боловсруулалтын талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, мэдлэг түгээж, бусдыг уриалдаг байх ёстой. Хэрвээ одоо арга хэмжээ авахгүй бол 10 жилийн дараа нөхцөл байдал улам хүндэрсэн байх болно. Дахин боловсруулах нь зөвхөн байгаль хамгаалах тухай биш амьдралын чанар, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх тухай юм. Тойрог эдийн засаг нь шинэ салбар, шинэ ажлын байр хөрөнгө оруулагчдыг татдаг.” хэмээн тодотгосон юм.  

Хуванцар буюу PET сав цуглуулалтын явцын талаарх зарим орны жишээг дурдъя.

АНУ-ын  Юта мужийн оршин суугч Н.Одонтуяа: АНУ-д айл бүр хоёр хогийн савтай. Миний амьдардаг хотод Мягмар гаригийн өглөө болгон хоёр хогийн саваа гаргаж тавьдаг. Нэг нь энгийн хог, нөгөө нь дахин боловсруулагдах хог гэж ангилна. Ундаа усны саваа цэнхэр өнгийн recycle хогийн саванд хийнэ. Айл бүр яг энэ өдөр л хуваарийн дагуу хогоо гаргаж байгаа харагддаг. Мөн ангилахгүй хаявал торгуулийн хуудас ирдэг.

Зураг 4: АНУ-ын  Юта мужийн айл бүрийн хогийн сав. 


БНСУ-д Чонжу хотын оршин суугч Э.Наранчимэг: Солонгост ирээд хог ялган хаяхыг утгаар нь суралцаж байна. Өмнө монголд бүхэлдүүлээд уутанд хийгээд хаячихдаг байсан нь маш ухамсаргүй үйлдэл байжээ гэдгийг ойлгосон. Солонгост хог хаяхдаа ерөнхий хог, хоолны хог, дахин боловсруулах хог, лааз төмөр, том хог гэх мэтээр маш олон ангилж, тусгай өнгийн уутанд хийж хаядаг. Дахин боловсруулагдах хуванцар ус ундааны савыг харагддаг уутанд хийж хаядаг. Хот дүүрэг бүрийн уутны өнгө, стандарт өөр өөр байдаг. Буруу хаявал, 50-100 мянган вонны торгуультай.  

Зураг 5. БНСУ-ын Чонжу хот. Хогоо ангилан ялгаж хаясан байдал. 

Япон улсын Сайтама мужийн Кавагое хотын оршин суугч Н.Лхамаа: Хог хаядаг тодорхой хуваарьтай. Өдөр өдөртөө өөр өөр хогуудаа гэртээ ялгадаг. Жишээ нь манай байрны хог хаях хуваарийн хувьд гэвэл 1 болон 4 дэх өдөр тогтмол шатаах хог, 3 дахь өдөр пластик хог, сард хоёр удаа 5 дахь өдөр ундаа усны сав, сард 1 удаа хуучин хувцас гэх мэт хаядаг. Бүгд хуваарийн дагуу хаяна. Ундааны савны хувьд дотор талыг нь угаагаар бөглөө, хаяг шошго бүх хэсгийг нь салгаад тусад нь савлаж хаядаг. Буруу хаявал хаягаар нь торгууль ирдэг. 

Зураг 6. Япон улс. Сайтама муж. Кавагое хотын хуванцар ундааны сав болон бусад хогоо ангилан ялгасан байдал


Япон улсын Гунма мужийн оршин суугч Э.Мишээл: Япон улс нь дэлхийд хамгийн өндөр стандартаар хог хаягдлыг зохицуулдаг. Хогоо маш олон ангилдаг. Цаасан хог, хуванцар хог, хоолных, лааз, шил, картон цаас гэх мэт. Хуванцар хог хаягдал буюу ундааны саваа угаагаад цэвэрлээд,, таглаа, шошго бүх хэсгийг салгаад хаядаг. Миний хувьд монголд амьдардаг байхдаа хогоо гурав л ангилдаг байсан бол японд үүнээс олон ангилдаг. Эхэн үедээ яг алийг аль ангилал руу хийхээ мэдэхгүйгээс болоод торгуулдаг байсан. 

График. Дэлхийн нийтийн хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн прогноз

Эх сурвалж. World Population Review, Plastic Polution by country 2022.

Тус тайлангаас харахад, дэлхий нийтэд хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хуванцар хог хаягдлын хэмжээ өсөж байна. Энэ төрлийн хог хаягдлын 9 хувь нь дахин боловсруулагддаг бөгөөд 19хувийг нь шатааж, 50 хувийг нь хогийн цэгт хаяж, үлдсэн 22 хувь нь хог хаягдлын менежментийн системээс зайлсхийж, хяналтгүй хогийн цэгт хаягдаж, ил уурхайд шатаад эсвэл хуурай газрын болон усан орчинд хаягддаг байна. Иймээс энэ бол зөвхөн монгол бус дэлхийн нийтийн анхаарлын төв дэх асуудал болж буй. “Ирээдүйд ялангуяа азид 100 хувь анхдагч түүхий эдээс гаралтай Pet савлагаа байхгүй болно. Ямар нэг байдлаар дахин боловсруулсан материал ашигладаг болно гэсэн үг. Европт хэрэгжүүлж эхэлсэн. Хуульдаа  бүх ус, ундааны саванд дор хаяж 30 хувийн дахин боловсруулсан байх ёстой гэж заасан” хэмээн “Хог хаягдалгүй монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал Франк Шеперс тодотгож байв. 

Гадаадын оронд амьдарч буй монголд иргэдийн хувьд нэг ч хогоо ил задгай хаядаггүй, бүгд ангилан ялгадаг байна. Энэ нь тухайн нийгмийн тогтолцоо, хуулийн орчин зөв байгаагийн илрэл юм. Тэгэхээр асуудлын гол нь монгол хүн хуванцараа ангилж, цуглуулж чаддаггүйд биш, харин зохицуулах хууль эрх зүйн хяналт, төр засгийн бодлого сул байгаад оршино. Энэ тухайд, МУИС-ийн инженер, технологийн сургуулийн дэд профессор Т.Энхдөл хэлэхдээ, Хог хаягдлын тухай хуульд дахин боловсруулалт, тойрог эдийн засгийн ойлголтууд туссан ч хэрэгжүүлэх санхүүгийн болон удирдлагын механизм сул байгаа. Монголд хог хаягдлын хяналтын болоод торгуулийн систем байхгүй” гэлээ.

График. Монгол Улсын хог хаягдлын менежментийн үнэлгээ 


PET Хуванцар боловсруулах тойрог эдийн засгийн төв цэг нь иргэн байх нь. Түүнчлэн цуглуулалтын хэмжээг өсгөх нь ч иргэний оролцооноос шууд хамааралтай. СӨХ болон албан байгууллага, харьяа газрынхан нь тодорхой хувьтай цуглуулж буй ч иргэн та энэ соёлд суралцаж, гинжин хэлхээний нэг талын үүргээ биелүүлбэл энэ салбарын эдийн засаг саадгүй эргэлдэх нь.

Эхэнд дурдаж байсан СӨХ-ийн ажилтан Д.Гантөмөр ахын хувь хуванцар савыг хог гэж хардаггүй. Ангилан ялгаад, дахин боловсруулбал бүтээгдэхүүн, цаашлаад мөнгө болно гэж ярьж байв. Мөн дахин боловсруулалт бол байгаль дэлхийдээ хайртай хүмүүсийн хийж буй үйлдэл гэдгийг онцолсон юм. Маргааш өглөө Д.Гантөмөр ах дахин хогийн саваа онгойлгоно. Харин өнөөдөр бид хогоо яаж хаях вэ гэдэг л асуулт үлдэж байна.