Дэлхийн эрдэмтдийн доктор багш
Хэдэн минут үргэлжилсэн хэвлэх машины чимээ зогслоо. Өөдөөс 20 гаруй хуудас CV /товч намтар/ өгөөд, “Хэрэгтэй зүйл байвал хараарай” гэх энэ эмэгтэй үнэхээр гайхшрал төрүүлнэ. Түүний ажлын зам мөр, туурвисан бүтээлүүд, суралцсан сургуулиудын зөвхөн гарчиг л эдгээр хуудсанд багтжээ. Үргэлжлүүлэн судлаваас хэд хэдэн боть номын хуудас дүүргэхээр тийм л уудам түүх, арвин намтартай хүн юм.
Хана болгонд өлгөсөн уран зураг, тавиур бүрд тааралдах мэргэжлийн номууд, ширээн дээгүүрх бичиг цаас эл буйдхан өрөөг дүүрэн харагдуулна. Их сургуулийн докторын энэ л өрөөнөөс дэлхийн технологийн салбарын томоохон эрдэмтэд төрөн гарчээ. Тэд энд л хүсэл мөрөөдлөө хуваалцаж, дэлхий хүртэлх замын маршрутыг багшаараа заалгадаг биз... Хэдэн минут үргэлжилсэн хэвлэх машины чимээ зогслоо. Өөдөөс 20 гаруй хуудас CV /товч намтар/ өгөөд, “Хэрэгтэй зүйл байвал хараарай” гэх энэ эмэгтэй үнэхээр гайхшрал төрүүлнэ. Түүний ажлын зам мөр, туурвисан бүтээлүүд, суралцсан сургуулиудын зөвхөн гарчиг л эдгээр хуудсанд багтжээ. Үргэлжлүүлэн судлаваас хэд хэдэн боть номын хуудас дүүргэхээр тийм л уудам түүх, арвин намтартай хүн юм. Өөрийнх нь тухай магтахад дурамжхан хандах тэрбээр технологийн салбарын талаар асуухад А-гаас Я хүртэл нэвт хариулна. 26 дэх жилдээ МУИС-д багшилж, технологийн салбарын 3000 гаруй мэргэжилтэн бэлтгэн, заримыг нь дэлхийн эрдэмтэн болгосон гавьяатай энэ хүн бол компьютерийн шинжлэх ухааны доктор Н.Оюун-Эрдэнэ юм. Монголын технологийн салбарыг нэг том мод гэж үзвээс үндсийг нь ургуулж, салаа мөчир бүрийг усалж яваа түүний хичээл зүтгэлээс түүх эхлэх учиртай.
Өгүүлбэртэй бодлогоос эхэлсэн түүх...

Тэрбээр багын л адармаатай, хэцүү өгүүлбэртэй бодлого бодох хоббитой, хаана л математикийн олимпиад болно тэр бүрд амжилттай оролцдог байв. 1996 онд МУИС-ийн мэдээлэл, компьютерийн сургуульд элсэж, 2000 онд програм хангамжийн инженер мэргэжил эзэмшжээ. Үргэлжлүүлэн математикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан аж. Хамгийн анх МУИС-д мэдээлэл технологийн ажилтнаар орж, ажлын гараагаа эхлүүлэв. Улмаар компьютерын салбарт цагийн багшаас профессор хүртлээ дэвшин ажиллажээ. Математикт дурлан, технологийн салбарыг сонгосон бол гэр бүлийнхнээсээ үлгэр дуурайл авч, багш болохоор шийдсэн аж. Түүний аав эдийн засгийн багш, ээж нь монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Эцэг эхээсээ наймуулаа бөгөөд тэдний дөрөв нь их дээд сургуулийн багшаар ажилладаг. Түүнийг програм хангамжийн инженерийн ангид суралцах болсноо дуулгахад гэр бүлийнхэн нь “Эрэлттэй сайхан мэргэжил сонгосон байна” гэж баяртайгаар хүлээж авсан гэдэг. "Намайг оюутан байхад компьютер гэдэг зүйл ховор байлаа. Сургуулийн компьютер дээр нэг оюутан хоёр цаг л сууна” гэж Н.Оюун-Эрдэнэ багш хэлээд, тиймээс суухгүй найзынхаа нэр дээр цаг авч байгаад, “Янзага” жигнэмэг, гаазтай ундаатай “найзлан,” жинсэн өмдөө үрчийтэл суудаг байсан цагаа дурсав. Түүнийг сурч байх үед буюу 1990-ээд оны сүүлчээр програм хангамжийн ангид эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тоо тэнцүүхэн байсан аж. Гэвч нэг хэсэг эрэгтэй оюутны тоо давамгайлж байсан бол сүүлийн хоёр, гурван жилд эмэгтэй суралцагчдын хувь нэмэгдэж буй нь сайшаалтай. МУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимд 2020 онд суралцагчдын 32 хувь нь эмэгтэй байсан бол 2021, 2022 онд 35 хувь болж нэмэгджээ. Түүнийхээр технологийн тусламжтайгаар асуудлыг шийдэх процессыг олж мэдээд, бусдад түгээн дэлгэрүүлэх нь эл салбарын хамгийн гоё зүйл. Мөн технологийн салбар маш хурдацтай хөгжиж байгаагаас цаг үргэлж суралцаж байх хэрэгтэйг тэрбээр онцлоод, “Би ч мөн нэгдүгээр курсийн оюутнуудтайгаа хамт суралцахгүй л бол асар хурдацтай хөгжиж буй энэ үед ямар оюутан миний үгийг сонсох вэ. Тиймээс байнгын л сууж, судлана” хэмээв. Сонгосон салбар, эзэмшсэн мэргэжилдээ тууштай зүтгэж яваа Н.Оюун-Эрдэнэ багшид мэргэжил нь асуудлын голыг олох чадвар суулгасныг хэлж байлаа. Монгол залуусыг дэлхийн тавцанд гаргагч “Бид монгол оюутнуудаа хаана ч очоод ажилласан гологдохооргүй мэдлэгтэй, шилдэг нь болгож бэлдэхийг зорьж ажилладаг” гэх утга Н.Оюун-Эрдэнэ багшийн өгүүлбэр бүрээс тод мэдрэгдэнэ.
Биднийг ярилцлага хийсэн тэр өдөр өөрийн доктор хамгаалсан Солонгосын Чунгбукийн үндэсний их сургуультайгаа холбогдож, тэндхийн профессоруудыг монгол оюутнуудтай холбож, цахим уулзалтад оролцсон аж. Тэрбээр “Дэлхийн хөгжлийг эх орондоо авчрах хүмүүс бол манай технологийн оюутнууд. Учир нь улс орноо хөгжүүлэхэд асуудлыг шийддэг бүтээлч сэтгэхүй хэрэгтэй. Үүнийг л урьтал болгодог” гэж хэлсэн. Мөн дэлхийд данстай 10 эрдэмтэн төрүүлэх амбицтайгаа хуваалцсан.Үнэндээ түүний шавь нараас хэдэн арваар барахгүй нь дэлхийн том байгууллагад ажиллаж буйгаас заримтай нь холбогдлоо.
Н.Оюун-Эрдэнэ багш монгол залуусыг дэлхийн тавцанд гаргахад тусалдгийг түүний шавь, “Google” компанийн хиймэл оюун ухааны эрдэмтэн судлаач М.Цэндсүрэн яриандаа онцлов. “Хүний төлөө гэсэн сэтгэлтэй ийм хүн маш ховорхон байдаг” хэмээн тэрбээр хэлээд, багш нь түүнд компьютерын ухааны хичээлүүдээс гадна англи хэл хүртэл зааж, ярианы дадлага хийлгэж байсныг дурслаа. “Ховд аймагт 10 жилээ төгсөөд, Улаанбаатарт оюутан болоод хүрч ирсэн над шиг хөдөөний оюутныг олж таниад, Массачусетсийн их сургууль хүртэлх замыг багш л зааж өгсөн” гэв. М.Цэндсүрэн “Google”-д ажилд орохоосоо өмнө “Microsoft” компанийн хиймэл оюун ухааны лабораторид ахлах эрдэмтэн судлаачаар ажиллаж байжээ. Тэрбээр хаана ч ажилласан гологдохооргүй хэмжээний мэдлэгийн суурийг тавьж өгсөн багшдаа баярлаж явдгаа илэрхийлсэн юм. “Багш маань бүх оюутанд эрх тэгш хандаж, хүн бүрд боломж олгохыг хичээдэг. Олон оюутан багшийн маань анх гаргасан зам мөрөөр дэлхийн нэртэй сургуулиудад компьютерын шинжлэх ухааны магистр, доктороор суралцсан. Цаашлаад багшийн олон шавь нар нь дэлхийн өнцөг булан бүрд уригдан, эрдэмтэн судлаачаар ажиллаж байна. Энэ бүхэн багшийн маань оюутнуудаа гэсэн сэтгэл, мөн эх орондоо хийж бүтээж байгаа нөр их хөдөлмөр гэж би боддог” хэмээн тэрбээр хэллээ. Түүнийг Солонгост оюутан байхад Н.Оюун-Эрдэнэ багш гутлыг нь харчихаад дэлгүүрээр дагуулж явж, шинэ гутал авч өгснийг дурсаад, “Багшийнхаа авч өгсөн гутлыг магистраа төгстлөө өмсөж билээ. Монголоос ирэх бүрдээ ааруул, чихэр авчирч Чүнгбүкийн их сургуульд суралцаж буй монгол оюутан бүрд өгдөг. Энэ нь оюутан бүрийн сэтгэлд тод үлдсэн байх даа” гэлээ.
Н.Оюун-Эрдэнэ доктор оюутнуудаа бүхий л талаар дэмждэг тухай түүний шавь, БНСУ-ын Хавдар судлалын үндэсний төвийн судлаач Б.Эрдэнэбилэг ч ярилаа. “Багш олон ч оюутанд гадаадад сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэх гүүр нь болж өгдөг. Би тэдгээр оюутнуудын нэг” хэмээн тэрбээр хэлээд, БНСУ руу сургуульд явахад нь Н.Оюун-Эрдэнэ багш өөрийн биеэр хамт явж, бүх зүйлсээр дэмжиж байсныг дурслаа. “Зөвхөн хичээл ч гэлтгүй оюутнуудын ар гэр болон цаашдын ирээдүйн амьдралд нь санаа тавьж, байнга тусалж дэмжиж байдгаас нь түүний хэрхэн сэтгэл зүрхээ зориулан ажилладгийг харж болно” гэв. Б.Эрдэнэбилэг хоёрдугаар курсэд байхдаа Н.Оюун-Эрдэнэ багшаар “Өгөгдлийн бүтэц” заалгаж байснаа дурссан юм. “Тэр үед бүх оюутнаа хичээлд сонирхолтой байдлаар оролцуулж, оюутан тус бүрийг өгөгдөл хэлбэрээр дүрслэн, тухайн хичээлийн түлхүүр ойлголтуудыг бодитойгоор тайлбарлан өгч байсан нь одоо ч бидэнд суурь ойлголтуудаа эргэн санаж, цаашдын судалгаа шинжилгээгээ хийхэд хэрэг болдог” гэлээ. Тэрбээр мөн “Багш уулын спортоор хичээллэдэг, маш их эрч хүчтэй, зорьсон зорилгодоо тууштай, дайчин эмэгтэй. Инженерийн салбарын хүн болоод ч тэр үү аливаа асуудлыг логик дараалалтай, амьдралд ойр энгийнээр шийдэж чаддаг. Түүнээс маш их үлгэр жишээ авдаг” хэмээн нэмж хэллээ.
Оргил өөд...

Н.Оюун-Эрдэнэ багш маш олон сонгуульт ажилтай. Тухайлбал, МУИС-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичиг, ХШУИС-ийн хөтөлбөрийн хорооны эрдэмтэн нарийн бичиг, ХШУИС-ийн захиргааны зөвлөлийн гишүүн, Мэдээлэл компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч, профессор багшаас гадна ACBSP-ийн Магадлан итгэмжлэл хийх Олон Улсын шинжээч. Энэ бүх ажлынхаа хажуугаар тэрбээр өөрийн хоббигоо хөгжүүлэн, уулын спортын мастер зэрэг хүртжээ. 2012 оноос хойш Монголын болоод гадаадын олон ууланд авирсан аж. Түүний авирсан хамгийн өндөр цэг нь 4374 км дэх “Хүйтний Оргил” юм. Даарч, өлсөж, 20-30 цаг хүнд цүнх үүрэн, уул өөд тасралтгүй алхаж байхдаа, “Хүнд маш их тэвчээр, боломж байдаг” гэдгийг ойлгожээ. Тиймээс амаргүй ажлын ард гарахдаа "Би тийм хүнд хэцүү зүйлийг давсан юм чинь энэ юүхэн байхав" гэх сэтгэлгээгээр ханддаг байна. Тэвчээрийн хязгаараа мэдсэн бол бусад зүйлийг хийхэд амархан гэж Н.Оюун-Эрдэнэ багш оюутнууддаа зааж сургадаг. Түүнийг өөрийн бүтээсэн хамгийн том ажлаасаа хуваалцаач гэхэд, програм хангамж, мэдээллийн технологийн хөтөлбөрөө олон улсаар магадлан итгэмжлүүлж, Европын чанарын баталгаажуулалтын гэрчилгээ авах ажлыг гардан зохион байгуулснаа хэллээ. Ингэснээр Монголд бакалаврын боловсрол эзэмшээд, Европын орнуудад очоод ажиллах боломжийг нээж буй. “Хөтөлбөр магадлан итгэмжлүүлэх” гэсэн гуравхан үг боловч асар их ажил байсныг Н.Оюун-Эрдэнэ доктор тэмдэглээд, “Ганц минийх ч гэлтгүй, манай тэнхимийн бүх багш нарын хичээл зүтгэл үүнд орсон” гэв. Олон оюутанд тустай, амьдралд нь хэрэгцээтэй энэ л ажлыг хамгийн том “оргил” гэж тэрбээр онцолсон.
Н.Оюун-Эрдэнэ багш бусад тэнхим төдийгүй сургуультай дээрх туршлагаасаа хуваалцаж байгааг МУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн туслах Э.Саранцэцэг хэлэв. Тэрбээр Н.Оюун-Эрдэнэ багштай хамтран ажиллаад зургаан жил болохдоо асар их өөрчлөлт анзаарчээ. “Намайг ажилд орж байх үед манай тэнхим есөн доктор багштай байсан бол өдгөө 17 доктор багшаас гадна 16 докторант багш бий. Энэ нь шууд утгаараа тэнхимийг удирдаж буй түүний бусад багш нарыг хэрхэн дэмжиж буйг илтгэж байгаа юм” хэмээн өгүүлэв. Технологийн салбарын боловсон хүчин бэлтгэх их үйлсэд 20 гаруй жил зүтгэж буй Н.Оюун-Эрдэнэ доктор олон улсын SCI сэтгүүл, олон улсын болон улсын чанартай хурлуудад 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, мэргэжлийн дагуу дөрвөн ном бичжээ. Software engineering, computer graphics, database чиглэлүүдээр залуу багш нарыг удирдан, одоогоор 13 магистр, 4 докторант, 10 гаруй багш нартай судалгааны баг үүсгэн ажилласан байна. “Н.Оюун-Эрдэнэ багш төрөлхийн хүний төлөө гэсэн өгөгдөлтэй хүн дээ. Ямар ч оюутныг яг өөрийн төрсөн хүүхэд шиг бодож, харьцдаг. Анхандаа үүнийг нь хараад гайхдаг байлаа. Сүүлдээ төрөлх зан юм байна гэдгийг мэдэрсэн” хэмээн Э.Саранцэцэг ярив. “Хүний төлөө гэсэн чин сэтгэл, аливаа зүйлд оновчтой анализ хийх чадвар, дайчин тууштай байдал, ёс зүйтэй харилцаа, ухаалаг шийдвэр гаргалт, өндөр бүтээлч сэтгэлгээ, бусдыг ойлгох чадвар зэргийг багшаас үргэлж олж хардаг. Бидний дэргэд ийм хүн байгаа нь үнэхээр гайхалтай хэрэг гэж боддог” хэмээн тэрбээр нэмж хэлсэн.
Хар, цагаан дэлгэцтэй компьютерын үеэс одоог хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монголын технологийн салбарт хувь нэмрээ оруулж, дотоодын болон гадны компаниудад чадварлаг боловсон хүчин бэлдэж өгч буй Н.Оюун-Эрдэнэ гэх энэ эрхэм хүмүн хийсэн бүтээсэн ажлаараа хэдийнэ тус салбарын “Нэрийн хуудас” болжээ.