Хөрөг нийтлэл

Өөрийнхөөрөө манлайлагч

Нийтэлсэн: У.Түвшинбаяр 2026.01.15 20:24 212 үзсэн
Өөрийнхөөрөө манлайлагч

“Эмэгтэйчүүдийн манлайллын талаар нэгдсэн загвар байхгүй учир хүн бүр өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Дэлхийн түүхэнд хүртэл манлайлал үзүүлэх тийм олон лидер алга”

Тойргоороо хязгаарлагдахгүй төлөөлнө

“Би Баянзүрх дүүргийн гэр хорооллоос сонгогдсон гишүүн. Манай тойрогт ядуурал, ажилгүйдэл, хүчирхийлэл гээд нийгмийн бүхий л асуудал бий. Эдгээрийг хараад эмзэглэх үе цөөнгүй. Гэхдээ эл асуудлууд гэнэт ургаж гарч ирээгүй. Сүүлийн 30 гаруй жил шийдлээ хүлээсээр ужгирсан нь энэ. Хэдхэн жилд бүгдийг шийдэж, нийгмийн бухимдлыг бууруулах боломжгүй. Гэхдээ чадахаасаа эхлээд л зөв зам руугаа орох гэж явна” гэж Х.Булгантуяа гишүүн өгүүлнэ. 

2023 оны зургаадугаар сард түүнтэй 30 минутын ярилцлага товлох ч боломж хомс байлаа. Учир нь Х.Булгантуяа сайд болон ХНХЯ-ныхан нийгмийн даатгалын багц хуулийг боловсруулж, батлуулах нөр их ажилд дарагдсан байв. Үр дүнд нь иргэдийн амьдралд сайнаар нөлөөлөхүйц олон дэвшил гарчээ. Тухайлбал, ирэх оноос тэтгэврийн насны гэр бүлийн хоёр хүний нэг нь нас барахад нөгөөд нь тэтгэврийнх нь 20 хувийг өвлүүлэхээр болсон аж. Мөн НДШ-ийг дундын санд хийж, хуваарилна гэв. Ингэснээр сонгуулийн үеийн шийдвэрээс энэ сан ангид байх юм. Энэ мэтийн түүний манлайлан оролцсон ажлын үр дүн тойргоор нь хязгаарлагдахгүй Монголын бүхий л иргэнд хүрч байна. Төлөөлнө гэдэг чухам энэ байх. Х.Булгантуяа гишүүн СДМЭХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаа аваад л ажлын албатайгаа нягт хамтран ажиллаж, нээлттэй хэлэлцүүлгүүд, ажил хэргийн уулзалтууд, хуулийг сурталчлан таниулах ажлуудыг хийжээ. Ингэснээр Сонгуулийн тухай хуульд хүйсийн квотыг 2024 онд 30, 2028 онд 40 хувь болгох түүхэн шийдвэрийг тусгахад тодорхой хувь нэмэр оруулсан юм. Энэ нь дэлхийд хүртэл сайн жишиг хэмээн тооцогдож буй. “Эмэгтэйчүүдийн манлайллын талаар нэгдсэн загвар байхгүй учир хүн бүр өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Дэлхийн түүхэнд хүртэл манлайлал үзүүлэх тийм олон лидер алга” гэж тэрбээр ярьж байлаа. Гэвч өндөр боловсрол, уудам мэдлэгээр дүүрэн түүний баялаг түүх эмэгтэйчүүдэд урам зориг өгөхүйц манлайлагч гэдгийг нь харуулна.

Түүний түүх

Арван гурван насандаа Австрали улс руу явсан цагаас л түүний амьдралын симфони эгшиглэж эхэлсэн гэдэг. Ээжийгээ дагаж, хэчнээн цагаар ч хамаагүй номын санд суухдаа, “Энэнээс дутахгүй нийгэмд амьдрах юм сан” гэсэн хүсэл эрмэлзэлд хөтлөгдсөнөө дурсав. Картын барааны үеийн Монголын нийгмээс Австралид очиход эхэндээ хүндрэлтэй байж. Харин хоёр жилийн дараа эх орондоо эргэж ирэхэд мөнгөн дэвсгэртээс эхлээд олон зүйл өөрчлөгдсөнд мөн л цочирджээ. Ийнхүү багаасаа амьдарч буй орчиндоо дасан зохицож сурсан нь түүнийг тэсвэр хатуужилтай, өөрчлөлтийг эергээр хүлээж авдаг болоход нөлөөлсөн байна.

Х.Булгантуяа 9-р ангийн сурагч байхдаа Монголдоо ирээд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургуульд суралцаж, улмаар ээжийнхээ мэргэжлийг даган эдийн засагч болохоор шийдэв. Арван жилээ төгсөөд МУИС-ийн математикийн ангид хоёр жил суралцаж байгаад БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургуульд эдийн засагч мэргэжлээр сурахаар явжээ. Энэ хоорондоо цагийн 1000 төгрөгөөр англи хэлний хичээл зааж, хөгшин аав ээжийнхээ сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээний мөнгө олчихдог байж. “Их мөнгө олдог ч түүгээрээ өөрийгөө гоёж, гангалья гэж бодож үзээгүй. Өвөө, эмээ хоёртоо л өгдөг байв. Тэр хоёрын тэтгэвэр амьдралд нь хүрэхгүй юм шиг санагддаг байсан” гэж тэрбээр оюутны амьдралынхаа талаар дурссан. УИХ-ын гишүүн болсон цагаасаа л олон жил дуншсан тэтгэврийн реформын сэдвийг барьж авч, дуу хоолойгоо хүргэж эхэлсэн нь магадгүй энэ дурсамжтай нь холбоотой байх.

Тэрбээр 2007 онд эх орондоо ирээд хувийн бизнесээ эхлүүлж, анхны хүүхдээ төрүүлэн, дараагийн сургуульдаа суралцах бэлтгэлээ ч базаасан байна. “Миний 20 гаруй нас бол шуурга шиг л өнгөрсөн. Олон ч зүйлийг оролдож үздэг байв. Гэхдээ хамгийн их хөдөлмөрлөж байсан үе гэвэл Японд өнгөрүүлсэн жилүүд. Өдрийн 10 цаг англи хэлний хичээл зааж, хажуугаар нь япон хэлний сургалтад явж, фитнесээр хичээллэж, болзоонд гарах зэргээр төлөвлөсөн бүхнээ амжуулахыг зорьдог байлаа. Хаа ганц л 7 цагийн нойртой явдаг байв” гэж тэрбээр өгүүлнэ. Ингээд 2008 онд АНУ-ын Иелийн Их сургуульд эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан юм. Дараа нь Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх, “Оюу толгой”-н инженерийн албаны төслийн менежер, “Петровис”-ын бизнес хөгжлийн газрын дарга зэрэг албан тушаал хашиж байв. 

2012 оны сонгуульд МАН ялагдал хүлээж, намын гишүүдийн итгэл үнэмшил суларсан үед Х.Булгантуяа МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдож, улс төрийн тавцанд гарчээ.

Энэ талаар СДМЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай “Би түүнтэй 10 гаруй жил хамтарч ажиллаж байгаа. Тэр улс төрийн амьдралаа эхлүүлснээс хойш олон сорил, бэрхшээлтэй тулгарсан. Гэвч өөрийн хичээл зүтгэл, тууштай дайчин зан чанар, аливаа асуудалд няхуур нямбай хандаж, олон талаас нь шүүн тунгаах ур чадвараараа даван туулж чадсан жинхэнэ удирдагч, хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг” гэж онцолсон юм. (2023 онд хийсэн ярилцлага тул тухайн хүний албан тушаал өөрчлөгдсөн байж болно)

Бизнесийн салбартаа тод гялалзаж, оюутан цагаасаа л доллараар цалинжиж байсан бүсгүй эрх мэдэл, мөнгө харж ийшээ зүглэсэнгүй. “Бидний амьдрахыг хүсэж байгаа нийгмийг хэн нэгэн бүтээж өгнө гэж хүлээх нь харамсалтай. Үр хүүхдээ амар тайван амьдруулах нийгмийг бүтээлцэх хэрэгтэй учраас л улс төрд орох болсон. Мөн нөгөө талаасаа надад миний үеийнхэнд тэр бүр олдоод байдаггүй ховор боломж тохиосон. Тиймдээ ч би англи, хятад, япон хэл сурч, олон улсын бизнесийн байгууллагад тодорхой хугацаанд ч болов ажиллаж байлаа. Эзэмшсэн мэдлэг боловсрол, ажилласан туршлагынхаа хүрээнд өөрийнхөө амьдралыг зовохгүйгээр аваад явчихна гэдэгтээ итгэлтэй болсон байсан тул, бусдад боломж олгохыг хүссэн. Тиймээс өөрийн мэдлэг, туршлагаа эх орондоо зарцуулж байна” гэж Х.Булгантуяа гишүүн ярьсан юм.

Гэвч түүний улс төрийн замнал амар байгаагүй. Эхний хурал дээрээ л намынхаа даргын нэрийг ч зөв хэлээгүй гээд шүүмжлүүлж байсан удаатай. Тэрбээр улс төрийн орчинд хурдан дасаж, бусадтай баг болж ажиллаж чадсанаар 2016 оноос 2020 он хүртэл Сангийн дэд сайдаар ажиллав. Улмаар 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2023 оны  нэгдүгээр сараас эхлэн Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын албан тушаал авсан. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сараас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон билээ.

“Би сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт зөвлөлд давхар суудаг байлаа. Зарцуулалт, халамж гээд сайнтай, муутай ярьдаг том сэдвүүд байсан юм. Өмнө нь төсөв санхүү талаас нь мэддэг байв. Харин тус яамны сайдаар ажиллахдаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн баталгааг хангах, нийгмийн халамжийг бий болгох бодлого талаасаа харж ажилладаг байв” хэмээн Х.Булгантуяа гишүүн ярьсан. Түүний өдийг хүртэл хуримтлуулсан мэдлэг, туршлага энэ албан тушаал руу хөтөлжээ. Мөн тэрбээр ямар ч цаг үед хамтран ажиллагчдынхаа төлөө сэтгэл тавьж чаддаг, нөмөр нөөлөгтэй, тулхтай, нөхөрсөг, хүнлэг зан чанараараа танигдсан аж. Үүнийг нь ХНХЯ-ны мэргэжилтнүүд болон СДМЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай онцлон дурдаж байв.

“Хувийн бизнесийн салбарт үргэлжлүүлэн ажилласан бол илүү сэтгэл тайван амьдрах байсан байх. Учир нь өмсөж буй хувцаснаасаа эхлээд хэлж буй үг бүрдээ шүүмжлэлд өртөхгүй. Улс төрчийн бүхий л амьдрал бусдын нүдэн дээр өрнөдөг учир  хувь хүнийхээ эрх чөлөө, боломж бололцоог хязгаарлахаас өөр арга байдаггүй” гэж Х.Булгантуяа сайд хэлсэн. Түүнд улс төрд байгаадаа бухимдах үе цөөнгүй гарна. Учир нь амар, амгалан сайхан нийгмийг бүтээнэ хэмээн зорьж байхад нь зарим нь эх орноосоо хулгай хийнэ. Тэгэхээр тэр бохир зүйлийнх нь эд эс болчихсон мэт сэтгэгдэл ч төрдөг аж.  Гэвч 30 гаруй жилийн ужгирсан Монголын нийгмийн энэ их асуудлыг дараа дараагийн үеийнхэндээ үлдээхгүйн тулд ажлаа үргэлжлүүлэн хийдэг байна. Чухам ийм л холын зорилготой учир ойрын асуудлуудыг давж гардаг тухайгаа тэрбээр хуваалцсан.

Тэрбээр өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, ном их уншдаг. Тэр номыг уншихад ийм байлаа, энэ номонд ингэж гардаг гэх мэтээр ярих бүрдээ номноос эш татах аж. Мөн 2012 оноос хойш ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд мэргэжил сонголт, хөдөлмөрийн зах зээл, англи хэлний чадвараа дээшлүүлэх боломж, гадаадад тэтгэлэг авч суралцах зэрэг сэдвээр хамтарсан сургалт зохион байгуулсаар өдийг хүрчээ. Сайд, дарга гээд тоймгүй олон ажлынхаа дундуур лекцээ уншаад л гүйдэг байсныг нь ойр тойрныхон нь өгүүлнэ. 

“Идэвхтэй ажиллах насан дээрээ улс орныхоо төлөө зүтгэнэ. Улс төрөөс гараад олон улсад ажиллана. Тэгээд тэтгэвэрт гараад Япон эмээ өвөө шиг аялна даа” хэмээн ярих түүний нүдний гал цог хүүхэд байхаасаа үзсэн, сурсан хөгжингүй нийгмийн сайн туршлага бүхнийг Монголдоо нутагшуулаад санаа амрах зорилгыг нь илтгэх шиг.