Хөрөг нийтлэл

Эрэлхэг тагнуулчаасаа харамласан цол

Нийтэлсэн: Manduul.B 2026.02.10 12:45 148 үзсэн
Эрэлхэг тагнуулчаасаа харамласан цол

Эх орон, ард түмэндээ эрх чөлөө, тусгаар тогтнол өгөхөөр амь хайргүй тулалдсан хүмүүсийн нэг нь 16-хан насандаа тагнуулын салаа удирдаж, 17 настайдаа Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж, 1945 онд Өвөр Монголыг чөлөөлөх дайны үед Японы олон цэргийг ганцаараа олзолсон Навааны Кампаан юм.

1939 он. Хайртай бүхнээ хамгаалсан хамаг ардын дайн. 57 000 цэрэг, 500 гаруй онгоц. Дэлхийн түүхэнд байгаагүй агаарын тулалдаан болсон гэж цэргийн түүхчид бичсэн тэр дайн.

Эх орон, ард түмэндээ эрх чөлөө, тусгаар тогтнол өгөхөөр амь хайргүй тулалдсан хүмүүсийн нэг нь 16-хан насандаа тагнуулын салаа удирдаж, 17 настайдаа Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж, 1945 онд Өвөр Монголыг чөлөөлөх дайны үед Японы олон цэргийг ганцаараа олзолсон Навааны Кампаан юм.

Монголын төмөр замын анхны машинч гэсэн түлхүүр үгээр цахим системээс хайвал энэ эрхэм хүний талаар олон мэдээлэл гарч ирнэ. Гэхдээ интернэтээс эрээд ч олохгүй, түүхийн чухал баримтуудыг холбогдох хүмүүсээр ярилцаж, номоос хайж, олон хоног судлан байж Н.Кампаан гэх эрэлхэг зоригт эх орончийн талаар энд бичиж буй минь энэ. Түүний намтар зөвхөн түүнийх биш. ХХ зууны Монголын түүхийн нэгээхэн хэсэг гэж хэлж болно.

ЭХ НУТГАА ХАМГААЛАХ СЭТГЭЛИЙН ДУУДЛАГА

Аль ч цагт тэрбээр эх орны баатар явсан юм. Эрэлхэг зориг, үлгэр жишээ намтар нь үүнийг гэрчилнэ.

Н.Кампаан 1921 онд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг Хороо гэдэг газар ядуу малчин ард Навааны гэр бүлд төржээ. Тэрбээр 1938 оны зургадугаар сард цэргийн албанд татагдан, Дорнод хязгаарт Матадын VIII морьт дивизийн тагнуулын салаанд байлдагч, бага дарга, цэргийн сургуульд курсын захирагч болтлоо дэвшин, 15 жил тасралтгүй зүтгэсэн байна.

Түүний жинхэнэ нэр нь Хумбан. Үүнийг охин К.Янжиддулам нь 50 гаруй жилийн дараа архивын баримт шүүж, мэдсэн гэдэг. Тэрбээр цэрэгт татагдахдаа 17 нас хүрээгүй, 150 см хүрэхгүй шахам өндөртэй байжээ. Өндөр харагдчих гээд өлмийгөөрөө өргөн зогсоход нь орос эмч “Том болоод ирээрэй” гэж тэнцүүлээгүй гэнэ. Гэтэл яг тэр үед нэгэн эмэгтэй ганц хүүгээ цэрэгт явуулахгүй гэж уйлахыг хараад, сэтгэл нь ихэд өмөрчээ.

Ингээд Н.Кампаан тэр хүүгийн оронд, сайн дураараа фронт руу явсан түүхтэй. Тухайн үед хоёр ах нь цэрэгт татагдсан байжээ. Нэг нь халагдаж ирээгүй, нөгөөг нь амь үрэгдсэн тул гэрийнхэн нь түүнийг лам болгохоор шийдсэн ч эх орноо гэсэн хүсэл нь түүнийг фронт руу хөтөлжээ. Тэрбээр кирилл үсэг, уйгаржин монгол бичиг, орос хэл гадарладаг учраас цэрэгт очоод удалгүй тагнуулын салааны даргаар томилогдож, тэргүүн шугамд жагссан байна.

XX зууны түүхийн гэрч болсон Н.Кампаан фронтоос нэг удаа “Ард аав Наваанд. Хүү Кампаанаас нь” гэсэн захиа илгээжээ. Захиандаа “Улсын хил рүү япончууд довтолсон тул манай дивиз галын шугам дээр очлоо. Би одоогоор ар талд үлдсэн. Дайн ширүүсчээ. Шархдсан цэрэг олон ирэв. Би тийшээ очихыг их хүсэж байна” гэж бичсэн аж. Японы цэргүүд 1939 оны тавдугаар сарын 11-нд Халхын гол орчимд манай улс руу довтолж, зарлаагүй дайныг эхлүүлсэн билээ. Энэхүү дайн дөрвөн сар гаруй үргэлжилсэн юм. Тагнуулчид дайснаас чухал мэдээ олж ирэх үүрэгтэй. “Амьд хэл” олзлоно гэдэг хялбар биш. Биедээ ямар нэгэн бичиг баримттай явахыг хатуу хориглодог байжээ. Тухайн үед тагнуулчид нэг ширхэг сумыг өөрийн биед заавал үлдээдэг. Хэрэв дайсанд олзлуулбал улсын нууц алдахгүйн тулд өөрийгөө буудах тушаалтай. Кампаан тэр сумыг захандаа хадгалж байжээ. Тэрбээр өөрийнхөө түүхийг бичиж үлдээсэн нь өдгөө түүний охин, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, Халхгол сумын “Ялалт” музей болон Баянтүмэнгийн төмөр замын музейд хадгалж буй. Гаргацтай жигдхэн бичсэн, нэг ч удаа баллаж сохлоогүй тэрэгшгүй гар бичмэл дотроос тагнуулд явсан анхны даалгаврынхаа талаар дурдсаныг нь олж үзэв. Ийн өгүүлжээ. “Дивизийн байлдааны ангийн дарга, ахмад Дашдоржийн удирдлагаар хэдэн байлдагч тагнуулд явж, Халхын голын захад хүрлээ. Бороо их орж, гол үертэй, маш харанхуй байв. Дайсны хүч голын цаана отож байж магадгүй гэсэн мэдээ бидэнд ирсэн. “Бүгд хувцсаа тайлж, буу, бусад хэрэгслээ үүрэн ус руу орлоо. Живж, аюулд орвол дуу гаргаж болохгүй шүү” гэж дарга тушаасан. Усанд морьд хөл алдаж, хоёр цэрэг амь үрэгдлээ. Би эмээлтэйгээ холбирч, моринхоо гэдсэн доор орж, сүүлнээс нь барьж, чирэгдсээр эрэг дээр гарав. Японы тагнуулын цэрэг шөнө юм хардаг нүдний шилтэй байдаг гэж бидэнд захисныг санав. Энэ нь маш аюултай. Бидний дотор дайсан сэм шургалж магадгүй тул нууц нэрээ хоорондоо хэлж шалгаж явсан. Миний хувьд насаар хамгийн бага нь” гэжээ. Н.Кампаан нь дайснаас зургаан удаа амьд хэл олзолж, түүнийгээс гурвыг нь өөрийн гараар устгасан байна. Нэг удаа тагнуулд явж байхад нь дайснууд сэжиг авчээ. Түргэн холдохоор мориндоо амь эргүүлтэл дайсны нууцчинд тулж, тэр чигээрээ харайлган гарсан байна. Нууцчинд унтаж байсан дайсны цэргүүд араас нь гал нээж, морин нь урд хөлийн сагагийг сум оножээ. Дарга нар нь “Чи зоригтой эр юм. Гэхдээ ахиж ийм үйлдэл бүү хийгээрэй” хэмээсэн гэнэ.

“1945 оны чөлөөлөх дайнд VI морьт дивизийн бүрэлдэхүүнд багтаж, Японы 14 офицер, 263 цэргийг ангийн туг, зэр зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, хувцас хэрэглэлийн агуулахын хамтаар буун дуу гаргалгүй бүлгэн авсан нь Монголын армийн түүхэнд онцгой гавьяат явдал” гэж Батлан хамгаалах яамны төв архивт хадгалж буй түүний талаар баримтад дурджээ. Мөн Япон руу явуулахаар 200 гаруй өвөрмонгол охин, бүсгүйг амбаарт түгжихэд бүтэлгүйтсэнийхээ дараа гаднаас нь гал тавьсныг илрүүлж, амийг нь аварчээ.

Н.Кампаан хоёр дайнд ороход тагнуулын салаа удирдаж, суман мэндэр, галан шугам дундуур 1300 км туулж, салаа, суман, анги, дивизээ ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Энэ тухай “Монголын ардын армийн 50 жил” номын 209 дүгээр хуудсанд хурандаа Товод бичсэн нь бий.

1955 онд Монгол Улсад хүндэт харуулын тусгай рот байгуулахад захирагчаар нь томилогдож, ард олноо “Рапорт Ёндон” гэж алдаршсан эрхмийн үр хүүхдүүд “Хурандаа генерал Жамсрангийн Ёндон” гэх дурсамж ном бүтээсэн байна. Энэхүү номд Н.Кампааны талаар онцлон дурджээ. Тэр ч байтугай “Эрэлхэг тагнуулч Навааны Кампаан” гэсэн гарчиг бүхий өгүүлэл ч бий. Түүнд “Анзяатунь хотод бид ойртож байлаа. Дайсан байж магадгүй шүү” гэж хорооны дарга Дарамжав анхааруулаад тагнуулын салааны дарга, нөхөр Навааны Кампаанд үүрэг өгч цэргүүдтэй нь явууллаа. Н.Кампаан салаагаа орхиод морин жолоочтойгоо хотын хэрэм рүү давхиж орсон.

Цэрэг байрлаж байсан казармын үүдэнд очоод, жолоочдоо морин өгч, өөрөө автоматтай орж, “Монгол хэл мэдэх хүн байвал гараад ир” гэж хашгираад цэргүүдийг бууж өгөхийг тулгасан гэдэг. Нэг өвөрмонгол цэрэг таарч, түүний тушаалыг дамжуулжээ. Энэ гарнизоны цэргүүдийг буулган авч, туг, зэвсгийг нь хурааж, чухал баримт олзолсон. Тэнд 300 орчим хүн байсан санагдана. Кампаан бол их эрэлхэг хүн дээ. Өвч зэвсэглэсэн дайснууд Н.Кампааныг буудчихаж болох л байсан шүү дээ. Түүний зориг нь дайсныг эсэргүүцэл үзүүлж чадаагүй болтол айлгасан хэрэг” хэмээн бичжээ. Энэ бол чин зоригт хүний үйлс мөн. Сайн дураараа цэрэгт явсан Н.Кампаан үүргээ ингэж биелүүлсэн аж.

ЭНХИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДУУДЛАГА

Дайны дараа Н.Кампаан цэргийн сургуульд тагнуулын салааны сургагч багшаар ажиллан, тагнуулчдыг бэлтгэжээ. 1953 онд цэргээс бэлтгэл ахмад цолтой халагдаж, УБТЗ-ын барилгын I ангид бригадын дарга, нярав, Зүтгүүрийн депод машинчаар 29 жил ажиллаад, тэтгэвэртээ гарсан байна. Тэрбээр илчит тэрэгний машинчаар ажиллах хугацаандаа 37 тонн дизель түлш хэмнэж, 20 037 төгрөгийн ашигтай ажилласан аж. Мөн 1964 онд Толгойт өртөөнд хоёр галт тэрэг мөргөлдөх аюулаас сэргийлсэн, 1970 онд зам дээр унтаж байсан бага насны хүүхдийн амийг аварчээ. 1976 онд замын голд унасан согтуу хүнийг галт тэргэнд дайруулахас сэргийлсэн гэдэг. Улс ардын аж ахуйг хөгжүүлэх V, VI, VII жилийн төлөвлөгөөг тэрбээр зургаан сараас нэг жилийн өмнө тогтмол давуулан биелүүлж,  “Таван жилийн гавшгай”-аар гурван удаа шалгарчээ. Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан олон нийтийн байцаагчаар тасралтгүй 15 жил ажиллан, 400 гаруй зөрчил илрүүлэн, арилгасан учир “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр шагнуулсан тухай төмөр замын ахмад ажилтнууд дурсан ярив.

Дээд эгнээнд, зүүн гар талаас эхнийх нь Н.Кампаан

УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн ТЭМ 18ДМ-3006 зүтгүүрийг Н.Кампааны нэрэмжит болгосон. Гудамж, зам, талбай л түүхэн хүний нэрэмжит байдаг. Хөдөлдөг объект түүхэн хүний нэрэмжит болсон анхны тохиолдол энэ байлаа.

Н.Кампааны хөдөлмөр, гавьяа, зүтгэлийг үнэлж төрөөс 1939 оны есдүгээр сард Байлдааны гавьяаны улаан тугийн одон, 1945 оны аравдугаар сард “Алтан гадас”, 1995 онд Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Г.Жуковын медаль, “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн”, “Ахмад дайчин”, “Тэргүүний төмөр замчин”, “Хүндэт төмөр замчин” цол, тэмдэг, ойн медаль зэргээр шагнажээ. 1985 онд Чөлөөлөх дайны 40, 1989 онд Халхын голын ялалтын 50, 1991 онд ардын хувьсгалын 70, 1995 онд Халхын голын ялалтын 55, 2019 онд Халхын голын ялалтын 80 жилийн ойгоор түүнийг Монгол Улсын баатар болгохоор тодорхойлсон ч учир битүүлэг шалтгаанаар буцаасан аж.

“Баатар цолыг нөхөн олгоно гэж манай улсын хуульд тусгаагүй. Тиймээс Н.Кампаан гуайд баатар цол олгохгүй байгаа юм. АИХ-ын үед л баатар цолыг нөхөн олгодог байсан гэдэг. Түүний үр хүүхдүүд манай хэлтэст өмнө нь хандсан. Би учрыг нь тайлбарласан. Одоогоор цол, хэргэм нөхөн олгох хүсэлт гаргасан 20 орчим хүний материал бий” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын шагнал хариуцсан хэлтсийн дарга Ж.Эрдэнэ-Уул хэлсэн юм.“Н.Кампаан гэх хүний нэр Халхын голын түүхт тулалдаанд баатарлагаар дурдагддаг. Амьд ахуйд нь улсын цол яагаад өгөөгүй вэ, баатар болох гавьяатай хүн гэж ярьдаг. Улсын баатар цол олгохоор таван удаа тодорхойлсон ч буцаасан байдаг. Тухайн үед “матаас” орсон, нам, улс төрийн лобби, нутаг усны үзэл нөлөөлсөн гэж цэргийнхэн үздэг юм билээ. Монгол Улс эрэлхэг дайчдынхаа гавьяа, алдрыг нөхөн олгох нь зүйн хэрэг. Нөхөн олгоно гэж хуульд заагаагүй ч олгохгүй гэж бас дурддаггүй. Баатар цол нөхөн олгохоо больсон гэх яриа манайд байдаг. Үүнийг холбогдох хүмүүс нь буруу ойлгодог” хэмээн цэргийн нэгэн түүхч өгүүллээ. “Би 1980-аад оны эхээр “Толгойт” өртөөний даргаар томилогдож, ажилласан. Тэр үед Н.Кампаан гуай өртөөний сэлгээний машинистаар ажиллаж байлаа. Тэрбээр албандаа үнэнч, дүрмийг хатуу баримталдаг, үлгэр жишээ авахуйц төмөр замчин юм. Н.Кампаан гуайн хуваарьт өдөр галт тэрэг цагтаа явж, ачааг очих газраар нь бүлэглэн цэгцэлсэн байдаг. Ажилдаа гарамгай. Хүнийхээ хувьд нээлттэй. Тухайн үед бид “Эх оронч” Н.Кампаан гуай гэж ярьдаг байлаа” хэмээн Хөдөлмөрийн баатар Р.Раш ярьсан юм.

 

ЭХ ОРНОО ХАМГААЛАГЧИД ЭЦЭСТ НЬ ОРШУУЛАХ ГАЗАР ОЛДДОГГҮЙ Л ЮМ БИЛЭЭ

К.ЯНЖИДДУЛАМ (Н.Кампааны охин):

-Миний аав эрэлхэг зоригтой, эгэл даруу нэгэн байлаа. Би их хожуу төрсөн болохоор танхи өссөн. Тухайн үед 500 төгрөгийн үнэтэй орос хүүхэлдэйгээр тоглодог байж билээ. Манайд байдаг том сэлмийг барьж үзэх гэж хүүхдүүд орж ирдэг сэн. “Таван онцын эзэн” боллоо гээд ороод ирэхэд аав зөрж гараад зурагт авч өгснийг сайн санаж байна. Машинист нар тухайн үедээ нэлээд өндөр цалинтай. Тиймээс аав ээж, бид хоёрыг ямар нэг зүйлээр дутааж байгаагүй. Ээж бие муутай хүн байсан тул аав байнга асарч, сувилж, халамжилна. Аав харин бие сайтай байсан. 84 нас хүртлээ амралтад явж үзээгүй. Эх орондоо чин сэтгэлээсээ хайртай. Сөөм газрынхаа төлөө амь хайргүй байлдаж явсан болохоор тэр байх. Аавыг минь улсын баатар цолд таван удаа тодорхойлсон. Гэтэл өгөөгүй. Баатар цол нөхөн олгуулахаар би хөөцөлдөж байгаа. Хөвсгөл аймагт аавынхаа нэрэмжит анги, сургууль бий болгох зорилготой. Түүхийн баримт үнэн он цагийн аясаар баларч, арилах вий гэж би боддог. Аавтай хамт дайтаж явсан 11 нөхөр нь манайхаар орж гардаг байлаа. Тэд “Бүгдээрээ Алтан … эцэст нь хэвтэнэ дээ” гэж ярьдаг байж билээ. Гэтэл 2005 оны арванхоёрдугаар сард “Төрийн албанд гурваас дээш жил ажилласан, гавьяатуудыг л Алтан-Өлгийд нутаглуулна. Ахмад дайчдыг тэнд оршуулахгүй” гэх захирамж гарсан. Аавыг 2006 оны нэгдүгээр сард өөд болоход түүний сүүлчийн хүсэлтийнх нь дагуу Алтан-Өлгийд нутаглуулах гэж нэлээд хөөцөлдсөн. Эцэст нь ардхийн тэнд оршуулсан. Эх орныхоо төлөө 16-хан настайдаа дайтаж явсан хүнд эцэст нь хүссэн газраа ясаа тавих хоёр метр зай олддоггүй л юм билээ. Аавыг УБТЗ-ынхан сүүлчийн замд нь үдэж байхад, хамт тулалдаж явсан нөхдөөсөө үлдсэн ахмад дайчин зам дээр ганцаархнаа ёслоод зогсож байж билээ. Их хүндлэл шүү.

Н.Кампаан их чамбай хүн байжээ. Тэрбээр “Монголын ардын армийн 50 жил” номд өөрийн гараар тэмдэглэлгээ хийж, дайнд оролцсон цэргийн тоо, бусад мэдээллийн алдааг зассан байв. Мөн сонин, сэтгүүлд өгсөн ярилцлагаа хайчилбар болгон хавтаслажээ. 20 гаруй байв. Энэ бүх баримтыг түүний охин аавынхаа тухай ярьж байхдаа үзүүлсэн юм.

“СҮҮЛЧИЙН ЗОГСООЛ”

Алтан-Өлгий. Н.Кампааны дүүрэн одон, медальтай хүрмийг охин нь УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн музейд хадгалуулахаар химийн цэвэрлэгээнд өгчээ. Гэтэл халаасанд нь “Мечта” гэх орос чихэр байж гэнэ. “Хэнд өгөх гэж аав минь халаасандаа ганц чихэр хадгалсан юм бол доо” гэж К.Янжиддулам хэллээ.

“Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эх оронч, 1939, 1945 оны байлдааны ахмад дайчин, хүндэт төмөр замчин Н.Кампаан 1921-2006 он” гэж гантиг чулуун дээр сийлжээ. Хөшөөний өмнө сум байх нь содон. “Ойр хавьд нь цэргийн хүн оршуулж, ёслолын буудлага хийхдээ энэ сумыг аавын шарил дээр тавьсан болов уу” гэж охин нь хэлэв. “Хамтдаа Алтан-Өлгийд хэвтэнэ дээ” хэмээн Н.Кампаан гуайн ярьж байсан 11 дайчин нөхөр хажууд нь алга. Түүний нойрсож буй Алтан-Өлгий нэр шигээ хүндэтгэлийн газар биш болжээ. Хөл газрын өвс ургаж, хашааг нь ханзалж, түүгээр хүн, нохойгүй холхидог нь илт. Монголын төр сор болсон талийгаачдаа ийм газар хөдөөлүүлээд орхижээ. Эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орноо бүтээлцсэн эрхмүүдийн “сүүлчийн зогсоол” ийм хөсөр хаягдсан байна гэж ар гэрийнхэн, үр хүүхдүүд нь ч төсөөлөөгүй биз.

Алтан-Өлгий бус, Цагаан давааны хогийн цэгийн үргэлжлэл шиг л байв. Н.Кампаан бол домог мэт ярьдаг дайны олон баатрын нэг тод жишээ. Түүнтэй адил хэдэн мянган дайчин, баатраас бид юу хүлээж авснаа мартаад, тэднийг орхиж. Энэ мэт түүх, хүмүүс жил ирэх бүр мартагдсаар байна.