Хөрөг найруулал

Морьт хорооны дайчин "Монгол Чапаев"

Нийтэлсэн: У.Түвшинбаяр 2026.01.13 20:18 129 үзсэн Эх сурвалж: Талын түрлэг 1-р боть
Морьт хорооны дайчин "Монгол Чапаев"

Эх оронч, домог мэт баатруудын нэг Чойн Дугаржавын талаарх түүхэн баримтууд болон түүний охины дурсамж ярианаас хуваалцъя.

1939 оны наймдугаар сарын тулааны үе халуун гэдэг тоймгүй. Наранд улайдсан элс доороос байж ядтал төөнөж, халуун нар дээрээс галын дөл шиг шарав. Тулалдааны үед өдөржин байлдсанаас ам хатаж, шүлс гарахаа болж, зав чөлөөндөө элс ухаж чийгтэй элс элгэндээ наалдуулахад овоо амсхийх шиг болно. Пулемётын гол төмөр төдхөн улайсаж, гар хүрэхийн аргагүй болоход бид морьдынхоо шээсээр пулемётоо хөргөж, амаа зайлсан удаа ч бий. Байлдааны цэгт цэргүүд бөөнөөрөө хооллох нөхцөлгүй тул тусгай дохиогоор нэг хоёроороо ирж хооллоно. Зарим нь ч хоолоо нэг хоёр халбагадаж ч амжилгүй эргэн дуудагдах үе байсан. Дайсны гранат бидний дээр унахад тэсрэхээс нь өмнө барьж аваад, эргүүлээд шидчихэж билээ.
 
Исгэрэх сум, тэсрэх бөмбөгийг сөрж зогссон жинхэнэ эх орончид хожмын дуртгалдаа ийн өгүүлжээ. Эх орон ард түмэндээ эрх чөлөө, тусгаар тогтнол өгөхөөр амь хайргүй тулалдсан хүмүүсийн нэг нь 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд домогт 23-р морьт хороог командлан, том жижиг 80 удаагийн тулалдаанд оролцож ялалт байгуулан, 1944 онд баруун хязгаарт цөмрөн орж ирсэн Османы дээрэмчдийг хөөн гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн Чойн Дугаржав юм. Ард түмэндээ “Эх оронч”, Зөвлөлтийн дайчдын дунд “Монгол Чапаев” гэх нэрээр алдаршсан түүнийг цахим системээс хайвал илэрц чамгүй олдоно. Гэхдээ интернэтээс эрээд ч олохгүй, түүхийн чухал баримтуудыг холбогдох хүмүүсээр нь яриулж, ном товхимол дэлгэн, цомхон боловч, гүнд нь орж судалсны эцэст Чойн Дугаржав гэх эрэлхэг зоригт эх орончийн талаар бичиж буй минь энэ. Түүний намтар зөвхөн түүнийх биш. XX зууны Монголын түүхийн нэгээхэн хэсэг гэж хэлж болно.
 
Эх нутгаа хамгаалах сэтгэлийн дуудлага 
 
Аль ч цагт тэрээр эх орны баатар явсан юм. Эрэлхэг зориг, үлгэр жишээ намтар нь үүнийг гэрчилнэ. Чойн Дугаржав 1912 онд Дарьгангын хоньчин сүргийн гар, одоогийн Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг “Хөтөл ус” гэдэг газар ард Чойжавын Аюуш, Чүлтэмийн Норсүрэн нарын 8-р хүү болон төржээ. Тэр үед Дарьгангачууд үр хүүхдээ өвөг эцгээр нь овоглодог ёс заншлын дагуу Аюуш төрсөн хүүгээ өөрийн эцэг Чойжавын нэрийн эхний хэсгээр Чойн гэж овоглосон аж. Ч.Дугаржавыг таван настайд нь аав нь “Овоон гэлэн” хэмээн алдаршсан нутгийн нэгэн ламд шавь оруулсан боловч шашин номын мөр хөөсөнгүй. Тэрээр есөн настайдаа ардын хувьсгалтай золгосон бөгөөд аавынхаа морийг маллахын зэрэгцээ, Байшинт, Цагаан худаг, Их булгийн сүм хийдээр очиж, цан майдар үзэж, уяа морь их унадаг болжээ. “Моринд дуртай болсныг ч хэлэх үү өвлийн тэсгэм хүйтэн хаврын хавсарга, зуны аагим халууны аль ч улиралд адуугаа оторлон алс явахдаа уйдаж уцаарладаггүй, өлсөж цангахыг ч эс тоодог. Моринд гарамгай, сэлэм эргүүлэх цавчих, буудахдаа онц сайн байсан” тухай түүний талаарх намтар бүтээлд дурдсан нь бий.
Чойн Дугаржав 1933 оны есдүгээр сард 21 настайдаа Монголын Ардын Хувьсгалт Цэргийн албанд дайчлагдан, түүний амьдралын шинэ үе эхлэв. Цэрэгт явахад нь эцэг Аюуш хүүгээ сумын төвд хүргэж өгөөд буцахдаа “Миний хүү цэрэгт лав тэнцэнэ. Цэргийн эрдэмд шамдан сайн суралцаарай. Дайн тулалдаанд ч явж мэднэ шүү. Тэгвэл эр зориг л хэрэгтэй. Эд мөнгө элдэв юманд бүү шунаарай” гэж захисан аж. Тэрээр 6 дугаар морьт дивизийн “Бяруут”-ын 10 дугаар морьт хорооны пулемёт сумангийн 2 дугаар салаанд жагсаалын цэргээр алба хааж эхэлсэн бөгөөд 1934-1935 онд салааны туслах ба жагсаалын даргын албан тушаал хашиж байж. 1938-1939 оны хавар, намар цагт явагдсан бүх цэргийн жанжны шалгалтаар Ч.Дугаржавын удирдсан пулемёт суман улс төр, байлдааны бэлтгэлийн хичээлүүдэд сайн дүнтэй гарч хороо, дивизийнхээ тэргүүний суман болжээ. Сумангийн дарга түүний идэвх зүтгэл, улс төр, цэргийн мэдлэгийн өсөлтийг харгалзан үзэж, түүнийг 8 дугаар морьт дивизийн 23 дугаар морьт хорооны даргаар томилжээ.
 
Халх голын дайн хэмээх 129 өдөр үргэлжилсэн хатуу ширүүн бэрх байлдаан 1939 оны тавдугаар сарын 11-нд Японы цэргийн хүч Номон хан уулын чиглэлд довтолсноор эхэлсэн. Шийдвэрлэх тулалдаан 1939 оны долоодугаар сарын 8-наас наймдугаар сарын 20-ны хооронд Баянцагаанд болсон аж. Энэ өдрүүдэд Ч.Дугаржавын командалсан 23 дугаар морьт хороо нь фронтын дээд командлалын тушаалаар давших байлдааны баруун жигүүрт Монгол, Зөвлөлтийн бусад анги, нэгтгэлүүдтэй хамтран тулалдсан. 8 дугаар морьт дивиз хүнд хүчир бэрхшээл туулан “Матад”-“Буйр нуур”-“Хэрээ уул”-“Хамар даваа” гэсэн замналаар 400 гаруй километр марш үйлдсэн бөгөөд 1939 оны 7 дугаар сарын 2-нд “Хэрээ Уулын”-ын орчимд тус дивизийн 22 дугаар морьт хороо бөмбөгдөлтөд өртөж, олон арван цэргийн албан хаагчид алагдсан ба зөвхөн 23 дугаар морьт хорооноос гурван хүн хохирсон мэдээ байдаг. Тэр үеийн байлдааны дүрэмд “Морин цэрэг нэгэн хоногийн дотор 40-70-75 километр хүртэл явж болох ба онц цаг үед... хурдан явах туйлын хязгаар хэмжээ нь хоногт 100 километр хүртэл явах боловч түүний дараа хоёр хоног амруулах нь чухал болмой...” гэж заасан байдаг. Гэтэл 8 дугаар дивиз дээрх дүрмийн ёсоор 5-6 хоног туулах урт замыг 3 хоногт багтаан амжилттай туулан нөхцөл байдал өдөр өдрөөр хүндэрч байсан үед фронтод амжиж очсоноор цаг хугацаа хожиж, дайсны эсрэг сөрөн зогсох хүч хэрэгсэл дутмаг байсан Зөвлөлт, Монголын цэрэгт дэмжлэг үзүүлж чадсан юм. 1939 оны наймдугаар сарын 20-ны өглөөний 9 цагт бүх фронтоор Зөвлөлт, Монголын цэрэг шийдвэрлэх давшилтад оров. 8 дугаар дивиз дайсны хориглосон ангиудтай амжилттай байлдан дайсны өвөр эгнээний Баргын морин болон явган цэргүүдийг ухрааж, “Эрс” ба “Хулд” заагийг эзлэн авч улмаар улсын хилд тулж ирсэн. Энэ өдөр 23 дугаар морьт хороо өмнөө байсан дайсны явган батальон хиртэй хүчийг ухруулсаар “Эрс” уулыг эзлэн авчээ.
Наймдугаар сарын 26-нд шилжих шөнө 23 дугаар морьт хороо давшиж буй дайсанд хүчтэй цохилт өгч улмаар “Эрс” уулын районд байсан японы 800 гаруй цэрэг офицеруудыг үлэмжхэн зэвсэг, техник, агт, морьдын хамтаар устгаж, 300 гаруй амьд хүнийг олзолсон юм. Чойн Дугаржав 1945 онд 8 дугаар дивизийн 23 дугаар морьт хорооны даргаар дахин томилогдож, уг хороог нийт 6 жил гаруй хугацаанд удирджээ. Түүний командалсан 23 дугаар морьт хороо 1945 онд Японы эсрэг явуулсан Чөлөөлөх дайнд Монгол, Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлгийн бүрэлдэхүүнд орж, Дарьганга, Байшинтын районоос Долоннуур, Жэхэ хотын чиглэлд 1000 гаруй километр давшиж, Цахарын усгүй элсэн цөл, Хянганы уул нуруудыг давж, олон арван гол мөрнүүдийг гатлан дайсны цэргийн эсэргүүцлийг няцаан хоногт 80-90 километр цагийн хурдтайгаар давшсаар олон хот тосгодыг чөлөөлөлцөж, өмнөө тавьсан байлдааны үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн билээ. Энэ тухай Зэвсэгт Хүчний жанжин штабаас эрхлэн гаргадаг “Цэргийн шинэчлэл” /2016.№1/ сэтгүүлд БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, хошууч Н.Хүдэрбатын бичсэн нь бий. Мөн 1945 оны чөлөөлөх дайнд түүний командалсан хороо, Монгол Зөвлөлтийн анги, нэгтгэлүүдийн магнайд байлдааны үүргийг нэр төртэй биелүүлснийг фронт командлагч И.А.Плиев “Квантуны арми сөнөсөн нь” бүтээлдээ өндөр үнэлсэн байдаг.
Чойн Дугаржавын ард түмэн, армийн өмнө байгуулсан гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, БНМАУ-ын баатар цол олгож, Сүхбаатарын одон, Алтан таван хошуу медаль, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Алтан гадас одон, Байлдааны болон ойн хүндэт медалиуд, ЗХУ-аас Октябрийн Хувьсгалын одон, Улаан таван хошуу одон, Японыг ялсны төлөө ялалтын ойн медалиудаар удаа дараа шагнажээ. Энэ бол эх орноо гэсэн чин зоригт хүний үйлс мөн. Эх оронч Чойн Дугаржав үүргээ ингэж биелүүлсэн аж.
 
Энхийн хөдөлмөрийн дуудлага
 
Ч.Дугаржав ардын цэрэгт болон энх цагийн бүтээн байгуулалтын талбарт нийтдээ 40-өөд жил ажилласан юм. Бүтээн байгуулалтын жилүүдэд бусдыг хошуучлагч байжээ. Тэрээр 1951 онд цэргээс дэд хурандаа цолтой офицероор халагдан, орон нутагтаа ирж, нам төр, аж ахуйн байгууллагад янз бүрийн алба хашиж байв. Тухайлбал, 1972 он хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын хоршооны дарга, мөн сумын артель болон Сүхбаатар аймгийн Барилгын артелийн дарга, ХАА-н нэгдлийн бригадын дарга, намын хэсгийн зохион байгуулагчаар ажиллажээ. Залуу үеийг хүмүүжүүлэхэд үр бүтээлтэй ажилласны учир 1970 онд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн цол тэмдгээр, 1973 онд Хүндэт хилчин тэмдгээр шагнажээ. Ч.Дугаржав улс орондоо олон арван жил ажиллахдаа хамт олныхоо итгэл найдварыг бүрэн хүлээж армийн намын комиссын гишүүн, намын товчооны тэргүүлэгч, бүх цэргийн шүүхийн төлөөлөгчөөр сонгогдож байсны гадна орон нутагтаа ажиллаж байхдаа баг, сумын хурлын депутатаар 2-6 удаа, аймгийн хурлын депутат, аймгийн намын хорооны гишүүнээр сонгогдож байв. 1971 онд МАХН-ын 16-р их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна.
“Чойн Дугаржав залуу үеийг баатарлаг дайчин уламжлалаар хүмүүжүүлэхэд их зүйлийг хийсэн юм. Тэрээр 1967 онд Буйр нуур, Халхын голын чиглэлээр хийгдсэн Сүхбаатар аймгийн багш нарын тойрон аялал, 1968 онд мөн чиглэлд хийгдсэн аймгийн намын ажилтны тойрон аялал, 1969 онд явагдсан Монголын Залуучуудын анхдугаар тойрон аялалд уригдан оролцож, халхын голын ялалтын тухай ялангуяа өөрийн командалж байсан 23-р морьт хорооны ялалтын тухай хүүхэд залуучууд, цэрэг дайчид, малчин, ажилчин олон хүнд сурталчилж байжээ. Орон нутагт хүүхэд залуучуудыг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд их анхаардаг байсан бөгөөд тус сумын дунд сургуулийн сурагчдын дунд Ардын армын залуу халаа.. отрядын .. Хүндэт цэрэг болж хилчин дайчдын хилийн албаны болон улс төрийн бэлтгэлийг дээшлүүлэхэд, анги салбараа тохижуулж соёлжуулахад байнга зааж зөвлөж байсан” хэмээн “Онгон сумын нэвтэрхий толь” номын 122 хуудсанд бичжээ.
Чойн Дугаржав гуайн намтар, түүх багтсан ном товхимлыг эргүүлж, тойруулж суухдаа, үнэхээр эр цэргийн албанд мордож, эх орныхоо төлөө зүтгэмээр, эсвэл бусдын сайн сайхны төлөө юу ч хамаагүй хийе гэсэн бодол төрснийг нуугаад яах вэ. Цаасан дээрх түүний намтар түүх нь хүртэл хойч үедээ эх оронч сэтгэлгээг суулгаж, нөлөөлж буй. Зөвхөн нэг хүнийх гэхэд дэндүү урт энэ түүх бахархан дуулмаар, гуниглан уйлмаар цаг хугацааг өөртөө агуулжээ. Хэрвээ байсан бол гүйгээд очих юм сан. Тэгээд дайны тухай, эх орончдын тухай бүгдийг нь асуусан бол, энэ хөрөг жинхэнэ “бүтээл” болох байсан даа гэж бодох. Гэхдээ түүнийг хорвоо дээр хамгийн сайн мэдэх хүнтэй уулзах аз надад тохиосон билээ. Энэ бол Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эх оронч Чойн Дугаржавын ганц охин Д.Дуламсүрэн юм. Хэдий 80 нас хэлбийж яваа ч алхаа гишгээ, үг хэл цэгцтэй, ёстой ажилсаг, хөдөлмөрч хүний хүүхэд ийм байдаг байхдаа гэмээр хөнгөн, шингэн тэрээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын таван шарын байрын нэгэн буйдхан өрөөнд намайг угтаж авлаа. Энэ бол түүний гэр.
 
Д.ДУЛАМСҮРЭН: /Чойн Дугаржавын охин/: “Ядуу хүнийг сайн өрөвдөж байгаарай. Энэ ядуу юм гэж харьцаж болохгүй шүү” гэж мөн ч их захидаг байлаа, аав минь
Миний аав аливаад их идэвхтэй, ажилсаг хүн байлаа. Намайг юм оёж чадахгүй гээд нударгаараа ороолгоно. Би аавынхаа ганц хүүхэд нь болохоор “ялархуу” байсхийгээд л гомдчихно. Төрүүлсэн ээж зургаан настай байхад өөд болсон. Тиймээс аав л ээжийн оронд ээж болж, надад аливааг зааж сургадаг байсан. Хожим 12-той болоход аав хүнтэй суусан. Миний хойд ээж бол хорвоогийн хамгийн сайн хүн. Бид хонь мал гаргачхаад элэг уушгийг идэхгүй гээд хаяхад, аав ногоотой холиод хуураад орж ирсэн хүмүүст өгчихнө. “Буянт малын шимийг хаяж болохгүй” гэж зааж сургана. Айл гэр болоход, “Зуны халуунд хүн ороод ирэхэд хүйтэн юм, өвлийн хүйтэнд даарч бээрэхэд нь галаа түлээд халуун цай амгайцуулчихдаг байгаарай” гэж билээ. Би хариуд нь “Амгайцуулна” гэж юу юм гэхэд “Аягатай цай өгөхийг хэлж байгаа юм” гээд инээж байсан даа. Аав ер нь их ёсорхуу зантай. Мөн нинжин сэтгэлтэй. “Ядуу хүнийг сайн өрөвдөж байгаарай. Энэ ядуу юм гэж харьцаж болохгүй шүү” гэж мөн ч их захидаг байлаа. Одоо ч урьдынхтай адил ядуу хүн байхаа больжээ. Гэхдээ аавынхаа энэ үгийг 80 гарсан ч мартаагүй л явна. Аав багаасаа айлын хонь хариулж байгаад, 1933 онд цэргийн албанд татагдан, тэндээ улиран үлдсэн. Би урьд нь “Таны аав чинь Аюуш шүү дээ. Яагаад Чой гэж овоглодог юм” гэж асууж байлаа. Гэтэл “Өвөөгөөрөө овоглосон юм” гэж билээ. Тухайн үед тийм ёс заншилтай байж. Аюуш өвөө аавыг цэрэгт явахад “Миний хүү цэрэгт яваад нэгийг дуулдуулна даа. Гэхдээ түүнийг аав нь үзэхгүй байх” гэж хэлсэн гэдэг. Аав цэргийн албанд 20 жил зүтгэсэн. Аавыг цэрэгт явсны дараа ээж, хөдөө аав, ээж дээрээ очсон. 1951 онд аав цэргээс халагдаж ирээд, миний ээж болох Дэмбээгийн Отгоныг гуйж авч байлаа. Аавыг тухайн үед хүмүүс Эх оронч гэж нэрийддэг байв. Яагаад ингэж дууддаг вэ гэхэд “Аав нь Османы түрэмгийлэгчдийг дараад ирэхэд нь Чойбалсан гуай “Чи ёстой эх оронч хүү юм. Чамд энэ цолыг хүртээнэ” гэж хэлсэн. Аав амьд байхдаа дайны зах зухаас нь ярьж өгдөг л байлаа. Гэхдээ тодорхой зүйл бол хэлэхгүй. “Тэрийг мэдэж яах гэсэн юм” гээд л дуугүй болчихдог. 1945 онд эмээ, өвөө хоёр аавыг дайнд явж байгаа учир “Хүүдийд ааруул хийн, дүүг нь ахтайгаа уулзчихаад ир” гэж явуулсан гэдэг. Харин дүү нь ирээд “Сумын зүүн урд битүү хар морь байсан. Дэргэд нь очоод зогстол ах морьтойгоо ийшээ, тийшээ яваад л байх юм. Тэгснээ “Сайн уу? Миний дүү. Аав ээж сайн уу. Ах нь явлаа. Баяртай” гээд л морин дээрээсээ хашгирчихаад л явчихсан гэж хэлжээ. Ээж нь үүнийг нь сонсоод “Миний хүүд энэ ааруулыг өгчихгүй яасан юм” гээд уйлж байсан гэдэг. Аав минь цагийн эрхээр 1985 онд 73 насандаа хорвоогийн мөнх бусыг үдсэн. Оршуулахад нь Улаанбаатар хотоос сайд, дарга нар, цэргийн хоёр хурандаа онгоцоор ирж байлаа. Ард олондоо нэр хүндтэй, жинхэнэ эх оронч, эрэлхэг хүн юм гэдгийг нь тухайн үед илүү их мэдэрсэн юм.
Ч.Дугаржав бол домог мэт ярьдаг дайны олон баатрын нэг тод жишээ. Түүнтэй адил хэдэн мянган дайчин, баатраас бид юу хүлээж авснаа мартаад, тэднийг орхиж. Энэ мэт түүх, хүмүүс жил ирэх бүр мартагдсаар байна.