Мөнхийн бүтээлийн зохиолч, мөр нь арилшгүй Дожоо
Зохиолч Дожоодорж нь Монголын зохиолчдын эвлэл, Монгол сэтгүүлчдийн холбоо, Монголын залуучуудын эвлэлийн нэрэмжит шагналуудыг хүртжээ. Мөн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Чингис хааны академийн зохиолч юм. Хамгийн сүүлд “Алтан гадас” одонгоор шагнуулсан байна. Үзэл суртлын зөрүүтэй ойлголтоос болж, одоо үед бороо шиг асгардаг цол, тэмдгүүд түүнийг тойрон өнгөрчээ. Гэвч түүний бүтээлүүд нь ард түмний Гавьяат зохиолч, сэтгүүлч байсан гэдгийг нь цаг ямагт илтгэнэ. Мөнхийн бүтээл эзнээ үргэлж тодотгодог аж.
Пээ Соном оо эднийх руу 13 хөл орлоо.
-Үгүй ээ. Мөн хачин хэргээ 13 хөл ий.
-Тиймээ. Хүний 13 хөл.
-13 ч биш дээ хө. 14 л байж таарна.
-Яагаад.
-Хүн чинь 2 хөлтэй байж таараа биз дээ.
-Заза. Чиний маяглах яахав. Яах аргагүй 13 хөл байсан юм чинь. Би мэдэлгүй дээ. Одоо яах уу. Соном оо.
Энгийнээс энгийн. Гэхдээ л хөгжилтэй. Бас хүний сэтгэлд тод. Энэ бол 1963 онд гарсан Монголын уран сайхны “Аман хуур”киноны хэсэг. Зарлага хүргэдэг Соном өвгөн, түүний эмгэн хоёрын шинэ байранд ороод, хажуу өрөөндөө хэн орж буйг сонирхон, хоорондоо ярилцаж буй дүр зураг юм. Та бидний ой тойнд хэдийн 60 гаруй жил хадгалагдан үлджээ. Бүх л бүтэн зууны хагас гэсэн үг. Ийм урт хугацаанд мартагдаагүй, сэтгэл хоногшсон биш бүүр үүрд үлдсэнийг бодоход мөнхийн бүтээл гэж хэлж болохоор. Тэгвэл энэхүү киноны зохиолыг нэрт сэтгүүлч, зохиолч Д.Дожоодорж туурвижээ. Үүгээр ч зогсохгүй. Тэрээр монголын уран сайхны “Хүргэн хүү”, ”Балга ус”, ”Аман хуур”, ”Өнөр бүл”, “Үер”, ”Улаанбаатарт байгаа миний аав”, ”Бид мартахгүй” зэрэг олон арван киноны зохиол, 60 орчим ном бичсэн байна. Зөвхөн бичиж, туурвисан кино, ном, телевизийн жүжгүүдийг нь тоолоход 400 хол давж буй энэ эрхэм хүмүний эгэл амьдрал, түүхэн замнал хэрхэн өрнөснийг дурсан санагалзан ярих хүүгийнх нь сэтгэл, хамтран зүтгэгчдийнх нь бодрол, түүхэн эх сурвалжаас эш татан, энд сийрүүлье.

Зохиолч Д.Дожоодорж 1930 оны арван хоёрдугаар сарын 15-нд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Ар Хадат” гэдэг газар төржээ. Түүний жинхэнэ нэр нь Долгорын Дорж. Дожоо гэдэг нь 300 гаруй жилийн түүхтэй удмынх нь нэр бөгөөд уран бүтээл дээрээ Д.Дожоодорж гэж нийлүүлэн бичсэн түүхтэй. Тэрээр бага насандаа хөдөө мал хариулж байгаад, улмаар Мөнххаан сумын бага сургууль, Хэнтий аймгийн дунд сургуулийг 1939-1946 онд долоодугаар анги төгссөн байна. Сургууль төгссөн хүн бүр л “Одоо юу хийх вэ” гэсэн эргэлзээтэй асуулттай хамгийн түрүүнд тулгарах нь гарцаагүй. Сэхээтэн айлын хүүхдүүд шуудхан дээд сургуульд элсэж орох байх. Харин ардын хүүхдүүд энэ асуултад зарим нь бүдэрч, хөдөлмөрч хэсэг нь олдсон ажлаа гололгүй хийдэг. Үүний жишгээр зохиолч Дожоодорж дунд сургуулиа төгсөөд л их хотод хөл тавин, хуучин уурын зууханд галчаар орж, ажлын гараагаа эхлүүлж байж. Харин дараагаар НАХЯ (Нийгмийг аюулаас хамгаалах яам)-ны Тагнуулын дээд сургуульд хуульчийн мэргэжлээр 1948-1951 онд суралцжээ. Ингээд цагдаагийн байгууллагад анх хүүхдийн хэлтэс гэж байгуулагдахад хэсгийн ахлагч, төлөөлөгч, даргаар дөрвөн жил орчим ажилласан аж.
Гэвч тэрээр уран бүтээлч, уран сайхны кино зохиол бичих авьяас билгээ гойд тордон, хөгжүүлж 1956-1961 онд Москвагийн кино урлагийн дээд сургуулийн кино зохиолчийн ангийг дүүргэжээ. Энэ цагаас түүний кино зохиолч болох замнал эхэлсэн гэдэг. Гэвч үндэс суурь нь хэдийн тавигдсан байж. Учир нь “1949 оноос эхэлж “Замын хүзүү урт”, “Ямаан дахь нөмөрсөн хүн”, “Зүүний сүвэгч”, “Түүнийг тонилговол би жаргана”, “Баян хатагтайн нууц амраг”, “Өрөөлийн өмнөөс өшөө авагч”, “Шаазан бөмбөгний нууц”, “Хорин сая долларын үнэтэй хохимой толгой” гээд голдуу адал явдалт роман тууж, өгүүллэгийн 40-өөд ном бичсэн” хэмээн зохиолч Д.Дандарбаатарын “Дэлхийд ганцхан Мөнххаан” номын 183-р хуудсанд дурдсан нь бий. Түүний хамгийн анхны бүтээл нь “Ямаан дахь нөмөрсөн хүн” гэх зохиол юм.

Тэрээр Зөвлөлтийн сургуулийн кино зохиолчийн ангийг төгсөж ирээд, Монгол кино үйлдвэрт ерөнхий редактораар 1961-1966 онд ажиллажээ. Хуучин кино үйлдвэрийн архиваас түүний тухай баримтуудыг шүүхэд, нэг сонирхолтой тодорхойлолт гарч ирсэн юм. Үүнд, МАХН-ын Төв хорооны боловсон хүчинд гэж толгойлон, “Дожоо овогтой Дорж нь 1961 оны наймдугаар сард ЗХУ-д киноны дээд сургуулийн кино зохиолын анги төгсөж ирээд баримтат киноны ерөнхий редактораар ажиллаж байгаад дараа нь орчуулгын киноны редактор мөн 1964 оны 5-р сараас эхлэх тус үйлдвэрийн уран сайхны киноны редактораар ажиллаж байна. Энэ завсар уран бүтээлийн ажлыг тасралтгүй хийж, “Манай худалдаа”, “Дүрслэх урлаг”, “Жаахан шаргын нутгаар”, “Малын тэжээл”, “Хүний эрхийн семинар”, “Шинэ Дархан хот” зэрэг том жижиг баримтат киноны зохиолуудыг бичсэний гадна, “Амьдралын цуурай”, “Аман хуур”, зэрэг уран сайхны киноны зохиолыг бичжээ. Одоогоор зохиолч С.Удвалтай хамтран “Балга ус”, “Үер” хэмээх уран сайхны кино зохиолыг бичээд кино үйлдвэрт шилжүүлээд байна. Дорж нь нам захиргааны даалгаврыг биелүүлэхдээ сайн хариуцсан ажилдаа идэвх зүтгэлтэй хүн юм. Олон нийтийн ажилд сайн оролцдог ба ЗХУКН-ын түүх судлах дугуйлангийн суртал нэвтрүүлгийн үүргийг бусдаасаа илүү үлгэр жишээчээр гүйцэтгэж байгаа манай тэргүүний сэхээтний нэг юм. Мөн олон түмэнтэй зөв боловсон харьцаатай нэр хүндтэй байгаа нь кино үйлдвэрт ажиллах хугацаанд харагдсан юм. Иймд Доржийн хүсэлт ёсоор болгож, зохих газарт нь ажиллуулахад бүрэн найдвартай болохыг тодорхойлов. Монгол кино үйлдвэрийн дарга Бунтар. 1966 оны гуравдугаар сарын 15.” гэжээ.
Зохих газар гэж Үндэсний телевизийг хэлсэн болов уу. Учир нь 1967 онд Монголд анхны телевиз байгуулагдахад, зохиолч Дожоодорж сайд нарын тушаалаар телевизийн анхны 17 хүний нэг болж ерөнхий редактор, сурвалжлагчаар 30 шахам жил ажилласан гэдэг. Иймд телевизэд ажиллаж байх хугацаандаа ямар түүх, дурсамж, дэлгэцийн бүтээлийг туурвиж, үлдээснийг сэтгүүлч Г.Золжаргалаас тодруулсан юм.
Г.Золжаргал /Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч/: Дожоодорж гуай кино зохиолчийн хувьд бусдаас тод ялгарах, авьяаслаг нэгэн байлаа
-“Зохиолч сэтгүүлч Дожоогийн Дорж 1966 он хүртэл Монгол Кино үйлдвэрт зохиолч, редактораар ажиллаж байгаад, 1966 онд Соёлын Яамны нэгдүгээр орлогч сайд Лодойдамба гуайн шийдвэрээр Монгол телевиз(МҮОНРТ)-д редактораар ажиллахдаа уран бүтээлийн хэлтсийн дарга буюу утга зохиолын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон, Телевизийн барилга баригдах хугацаанд уран бүтээлчийг бүрдүүлэх ажил зохион байгуулсан. Ингээд сурвалжлагч, зураглаач, найруулагч мэргэжлээр ажиллах анхны 17 хүнийг Зөвлөлт холбоот улсын Төв телевизэд түргэвчилсэн сургалтад авч явсан юм. Үүнийг нь хожим түүхэнд анхны 17-н “Алтан хараацай” гэж нэрлэжээ. Тэнд зохион байгуулагч орчуулагчийн үүргээр баг хамт олныг удирдан явсан. 1967 оны есдүгээр сарын 27-нд Монгол телевиз ашиглалтад ороход, тэрээр программын хэлтэст утга зохиолын нарийн бичгийн даргаар ажиллан, нэвтрүүлгийн зохиол гаргах ажлыг хариуцаж байгаад,1971 онд Теле кино үйлдвэр байгуулагдахад редактор болсон. (Энэ үйлдвэр нь Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Монгол телевизийн уран бүтээлийн сан хөмрөгийг улам баяжуулахад кино сурвалжилга нэвтрүүлгийг нэмэгдүүлэх зорилготой байгуулагджээ.)
Дожоодорж гуай энэ үед телевизийн баримтат киноны зохиол бичих идэвхтэн бичигчдэд зохиол захиалах, түүнийг нь хянаж засварлах, өөрөө жилд нэг удаа 2-3 баримтат кино бүтээх зэрэг хуваарьт ажлыг гүйцэтгэж байв. Зохиол уран бүтээлийн хувьд, Монгол телевизэд ажиллаж эхэлсний дараахан “Дэглий” хэмээх теле жүжиг бичиж, эфирт гаргаж байв. Мөн тэрээр зөвлөлтийн болон гадаадын зохиолчдын зохиолыг редакторлаж, хянах байдлаар шинэ жүжгийн уран бүтээлд идэвхтэй ажиллахаас гадна “Кино дэлгэц”, “Тойрон аялал” нэвтрүүлгийг санаачлан, хөтөлж үзэгч олны танил болжээ. Ялангуяа дэлхийн кино дэлгэцийн мастер, уран бүтээлчдийн бүтээлийг Монголын үзэгчдэд “Кино дэлгэц” нэвтрүүлгээр танилцуулахад үлэмж хувь нэмэр оруулсан. Теле кино үйлдвэрт редактор байх хугацаандаа олон арван баримтат кино бүтээлцэж урын сангаа баяжуулжээ. Монголын үндэсний телевизэд “Шаазан бөмбөг” гэдэг зохиол бичиж түүгээр Бадар-Ууган найруулагч 1985 онд кино жүжиг бүтээсэн юм. Энэ жүжиг нь 1939 онд Японы эсрэг байлдсан дайны тухай өгүүлэхдээ Японы зүгээс хорт хий буюу бактериологийн зэвсгийн лаборатори ажиллаж, эхэлснийг монголын тагнуулчид илрүүлсэн тухай юм. Дожоодорж гуай кино нэвтрүүлгийн албанд 1985-1988 он хүртэл ажиллаж, нийт 30 гаруй уран сайхны кино орчуулах, редакторлах мөн 100 орчим баримтат киног Орос хэлнээс орчуулжээ. 1989 оноос Монголын Үндэсний телевизийн Нийгэм эдийн засгийн редакцад редактораар ажиллан, “Сайд нар ярьж байна” цуврал хөтөлбөр, “Ромбу гаригтай холбоо барьсан нь”, “Алтан цөгцний хэрэг” зэрэг онц сонирхолтой, зарим үед дуулиантай нэвтрүүлгүүд санаачлан, хөтөлж үзэгчдийн талархлыг хүлээж байв. Зохиолч сэтгүүлч Дожоогийн Дорж буюу Дожоодорж гуай Монголын Үндэсний телевизийг үүсгэн байгуулахад анхлан гар бие оролцсон мартагдашгүй уран бүтээлч мөн. Монголын кино урлагийн доторх кино зохиолчийн хувьд давтагдашгүй авьяастай хосгүй уран бүтээлийн зохиолыг бичсэн гайхалтай кино зохиолч байж билээ. Өнгөрсөн хугацаанд 200 илүү уран сайхны киног филонконд Монголын кино үйлдвэр бүтээжээ гэж бодоход, үүнээс жин дарах бүтээлийн эзэн нь Дожоодорж гуай юм. Сайн кино гэдгийг тодорхойлох киноны амин сүнс нь кино зохиолчийн бичсэн баатруудын хоорондын харилцан ярианд байдаг. Түүний бичсэн кино зохиолын баатрууд үзэгчийн сэтгэлээс огт мартагддаггүй, урт удаан, амь бөхтэй байдгийн учир нь үүнд оршдог юм. Жишээлбэл, “Аман хуур” кинон дээр хоёр авгай хоорондоо данх хоослоод, “Чи ер нь хашаагаа будчихаад суучихвал яасан юм бэ. Би хашаагаа будах нь битгий хэл, хэвтээд байсан ч чадах хүн” гэж хэлдэг. Энэ харилцан яриа гэхэд л 40-50 жил болоход сэтгэлээс гараагүй байна. Ингээд сцена болгоноос нь түүгээд яривал шижир алт. Тийм учраас Дожоодорж гуай кино зохиолчийн хувьд бусдаас тод ялгарах, авьяаслаг нэгэн байсан.”
Тэрээр 1985-1992 он хүртэл “Түүхийн өмнө хүлээх хариуцлага” хэмээх нэг намын ноёрхлын үед хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн 1937-1939 оны их баривчилгаа, улс төрийн хэлмэгдлийг ил тод тавьсан улс төрийн цуврал нэвтрүүлгийг санаачлан хөтөлж байсан нь намтар түүхэнд нь тод үлджээ. Мөн түүний унаган хайр жүжиг нь Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа 1980-аад оны эхээр найруулагч, ардын жүжигчин, Б.Мөнхдорж (Монгол Улсын ардын жүжигчин, найруулагч)-ийн найруулгаар тавигдаж, үзэгчдийн сонирхол таашаалд нийцсэн, өвөрмөц жүжиг болж чадсан аж. Б.Мөнхдорж найруулагч Дожоодорж зохиолчийн тухай ийнхүү дурсан хэлсэн юм. “Дожоодорж нэг бүтээлээс нөгөө бүтээл рүү орохдоо өөрийгөө үргэлж хөглөж, бэлдэж, цэнэглэдэг. Ямар нэг сэдэв олвол түүн дээрээ шаналж, сэтгэлээ түгшээж, бодож, боловсруулж, бусадтай санал бодлоо хуваалцдаг байсан юм. Энэ зан чанар нь зохиолч, сэтгүүлч хүний цуцашгүй хөдөлмөрийг илтгэж буй юм. Тэрээр маш их хөдөлмөрч. Уйгагүй ажилладаг. Өргөн хүрээний баялаг сэдэвтэй. Уран бүтээлийн цар хүрээгээ зөвхөн жүжиг киноны зохиолд зарцуулаагүй. Сэтгүүлчийн бүтээлийн хувьд ч нийтлэл, өгүүллэг их бичдэг байв.”
Тэрээр “Арван халуун өдөр”, “Горбачев, Ельцин нараас ганцхан Чингис хэрэгтэй”, “Мао Цедун зальтай Сталин хартай”, “Маршал Цэдэнбалыг огцруулах нууц хувилдаан” зэрэг нийгмийг шуугиулсан ном зохиол бичиж байжээ. Наадам, цагаан сар гээд уламжлалт баяраар “Үер”, “Аман хуур”, “Улаанбаатар байгаа миний аавд” зэрэг уран сайхны кино байнга гардаг. Манай телевиз, дэлгэцийн сор бүтээлүүд болохоор тэр байх. Тэдгээрийг үзэж суухад, хүний амьдралын хар цагааныг хүүрнэн өгүүлэх чадвар ганцхан түүнд л заяаж дээ гэсэн бодол төрөв. Учир нь туурвин бүтээсэн жүжиг кино, үргэлжилсэн үгийн олон зохиол үе үеийн хүмүүсийн оюуны эрэлт хэрэгцээнд нийцэн, ард олныг соён гэгээрүүлэх үүргээ одоо ч гэсэн гүйцэтгэсээр.
-Т.Гоош /Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач/: Нийгмийн маш сонин сэдвийг онцлон авч, зохиол бүтээлээ туурвидаг онцлогтой зохиолч байсан. Их уран бүтээлч сэтгэлгээтэй. Бүтээлийнхээ араас мэдээлэл цуглуулж, хайж явдаг. Жишээлбэл, нэг хүнтэй уулзсаныхаа дараа “Чи тэр хүний амьдралыг мэдэх үү, тагнуулч байсан юм байна лээ” гэх мэт сонин содон зүйлийг үргэлж эрж, хайж, судалгаа их хийдэг байсан. Би үүнийг нь маш сайн мэднэ.
-Д.Хишигт /Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч/: Монголын кино урлагийн түүхэнд Дожоодорж баларшгүй мөртэй. Киноны дүрслэлийн хувьд аргагүй голыг нь олж бичдэг. Үндэсний телевизийн боловсон хүчнийг бэлтгэхэд түүний оруулсан хувь нэмэр их. Тухайн үед манай улсын гадаад харилцаа Зөвлөлт Орос, Болгар, Ардчилсан Герман, Чехославак, социалист хэдэн орноор хязгаарлагдаж байв. Эдгээр орны киног үзэгчдэд орчуулан хүргэх үйлд тэрээр маш санаачилгатай ажилласан. Хэрэв өнөөдөр Дожоо байсан бол одоо цагийн нийгмийн хурцадмал үеийг өөр өнцгөөс харах байсан болов уу. Тэрээр төрийн шагналд зургаан удаа нэр дэвшсэн. Сүүлдээ Гавьяатад мөн зургаан удаа тодорхойлуулсан. Нийтдээ 12 удаа төрийн шагнал, одонд тодорхойлтоо өгөөд авч чадаагүй хүн шүү дээ. Түүний бүтээсэн их хөдөлмөрийн үр нөлөө нь одоо ч байгаад би их баярлаж явдаг.
Зохиолч Дожоодорж нь Монголын зохиолчдын эвлэл, Монгол сэтгүүлчдийн холбоо, Монголын залуучуудын эвлэлийн нэрэмжит шагналуудыг хүртжээ. Мөн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Чингис хааны академийн зохиолч юм. Хамгийн сүүлд “Алтан гадас” одонгоор шагнуулсан байна. Үзэл суртлын зөрүүтэй ойлголтоос болж, одоо үед бороо шиг асгардаг цол, тэмдгүүд түүнийг тойрон өнгөрчээ. Гэвч түүний бүтээлүүд нь ард түмний Гавьяат зохиолч, сэтгүүлч байсан гэдгийг нь цаг ямагт илтгэнэ. Мөнхийн бүтээл эзнээ үргэлж тодотгодог аж.
Д.Эрдэмбилэг /Д.Дожоодоржийн хүү/: “Миний хийсэн бүтээл ард түмэнд минь үлдэнэ. Энэ л миний хамгийн том шагнал” гэж аав минь ярьдаг байлаа
-Аав минь их энгийн, даруу нэгэн байлаа. Телевизийн гадаад харилцаа хариуцдаг байсан болоод ч тэр үү. Дандаа хүлээн авалтад оролцоно. Албан байгууллагууд ойн жилдээ зориулаад ном, сонин, жүжгийн уралдаанд зарлахад, идэвхтэй оролцож, шагналт байр эзэлнэ. Аавд бүхий л байгууллагын ойн медалиуд бий. Их зузаан сайшаалын бичиг ч байдаг. Цэдэнбал дарга зохиочдыг дуудаж, уулзан, “Социалист бүтээн байгуулалтыг олон түмэнд суртчилах, зорилготой бүтээл гаргаачээ” гэсэн хүсэлт тавьж, уралдаан зарласан юм. Түүний дагуу аав 1964 онд “Аман хуур” киноны зохиолыг бичсэн. “Их сайн бүтээл болсон гэж” тухайн үеийн дарга нар үзээд, аав барилгын хоёрдугаар 84-ын тавдугаар орцны дөрвөн давхарт гурван өрөө байраар шагнуулж байв. (Одоогоор Сүхбаатар дүүргийн 10-н жилийн гуравдугаар сургуулийн зүүн талд байрладаг) Тэр байранд бид 1978 он хүртэл амьдарсан даа. Аавын ажиллах арга барил гэвэл, орой 6 цагт гэж ажлаа тараад, гэртээ ирж, хоол ундаа идчихээд, 2-3 цаг унтана. Тэгээд 8, 9 цаг гэж сэрээд шөнийн 2, 3 хүртэл сууж ажиллаад, амарна. Шөнө босоод хажуу өрөө рүүгээ харахаар, аав ширээний гэрлээ тусгачихсан, дээл нөмрөөд, бичгийн машинаа тог тог тогшоод сууж байдаг. Манай аавын номын санд орос зохиолчдын ном, сэтгүүл, сонин, жүжгийн зохиолууд их бий. Өөрт хэрэгтэй мэдээллүүдийг авахын тулд олон янзын ном уншина. Манайх 27344 гэсэн гэрийн утастай. Тэр үед дарга сайд нар болон яаралтай түргэн дуудах шаардлагатай хүмүүс гэртээ утас тавиулдаг. Манай утас өдөр бүр дугарна. Мэдээлэл маш их цуглуулдаг байсан. Цагдаагийн сургуулийг төгссөн болохоор мэдээлэл цуглуулах арга барилдаа сайн. Би аавыгаа Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйд их зүйл хийсэн гэж боддог. Бараг энэ төрлийг анх хөгжүүлэхэд гар бие оролцсон гэхэд хилсдэхгүй.
1990 оны анхны ардчилсан сонгуулиар аав Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж, ардын их хурлын депутат болж, анхны үндсэн хуулийг батлалцсан. Тухайн үед “Түүхийн өмнө хүлээх хариуцлага” гэдэг цуврал нэвтрүүлэг хийдэг байлаа. Үүгээрээ ч олонд их танигдсан. Тэр нэвтрүүлэг нь оны шилдэг нэвтрүүлэг болж, монголын сэтгүүлчдийн холбооноос дөрвөлжин транзестар /радио/-аар шагнуулсан юм. Үндсэн хуулийг баталсны дараахан “Намрын халуун өдөр” гэх ардчилсан үндсэн хуулийг батлахад хэн юу хэлж байсан тухай ном бичиж байв. “Зоригийг хэн алсан бэ” гэдэг ном нь нэлээн шуугиулсан. Аав Зоригийн ээж, аавыг сайн таньж, мэддэг төдийгүй холбогдолтой баримт материалыг судалсан байх. Зохиолчдын болон сэтгүүлчдийн холбооноос аавын материалыг 10 гаруй удаа төрийн шагналд дэвшүүлсэн ч цол хүртээгүй гол шалтгаан нь энэ болов уу. Мөн 1970, 1980-аад онд ардчилалыг дэмжин, Ю.Цэдэнбалын тухай шүүмжлэл нийтэлдэг байв. Үүнээс ч мөн хамаарсан хэрэг. Аав, С.Удвал гуай хоёр “Хүргэн хүү” киноны зохиолыг бичсэний дараа С.Удвал гуай төрийн шагнал хүртсэн. Манай аавд “Чи авьяаслаг, чадварлаг зохиолч учир дараагийн удаа шагнал авч болно шүү дээ” гэж хэлсэн гэдэг. Сайн бүтээл бичнэ гэдэг нь муухан шагналаас дээр мөнхөд дурсагдан үлддэг юм байна. Аав шагналд нэг их ач холбогдол өгөөгүй ч сүүлд шагналд нэр дэвшүүлсэн шалтгаан нь “Гавьяат болчихвол цол тэмдэг нь ч яах вэ, эмнэлэгт үзүүлэхэд оочир дугааргүй амар байх” гэж ээж ярьдаг байсантай холбоотой. “Миний хийсэн бүтээл ард түмэнд минь үлдэнэ. Энэ л миний хамгийн том шагнал” гэж аав ярьсныг сонсож байсан. Нас бараад 10 гаруй жил болж байхад, манай аавын бүтээл зурагтаар байнга гарч байна. Тэгэхээр өөрийнх нь шагнал гарч байна гэсэн үг шүү дээ.Зохиолуудаа уйгаржин монгол бичгээр их сайхан бичдэг байсан. Мөн бичгийн машин дээр бичихдээ, хортой цаас ашиглан, зохиолоо хоёр гурав хувь хувилдаг байв. Бичсэн зохиолоо ойр дотныхоо зохиолч нарт уншуулж, санал бодлоо солилцдог байсан юм. Ингэж л сайн зохиол бүтэж, сайн бүтээл гардгийг би хожим ойлгосон. Би аавынхаа 1968 онд хэвлэгдсэн нимгэн хуудастай “Зүүний сүвэгч” гэдэг номыг хамгийн анх уншиж байв. “Миний хүү сайн хүн болохын тулд сайн сураарай, мэргэжлээ их зөв олохыг бодоорой. Ажлыг голохгүй байх хэрэгтэй. Архи тамхи хэрэглэж болохгүй. Зөв явбал амьдрал гэдэг сайхан, буруу байвал их хатуу гэдэг” гэж хэлдэг байж билээ. Аав архи тамхи нэг их хэрэглээд байдаггүй. Харин тэр үеийн лаазтай орос кофе их гоё амттай байв. Аав ч кофег их ууна. Мөн шатар сайн тоглодог байсныг нь их тодсанаж байна. 1980-аад оны үед “Телевизийн шатрын аварга боллоо” гээд сувинер, сайшаалын бичиг өвөртлөн гэртээ ирж билээ. Би германаас ирээд удаагүй байтал аав нэг удаа “Чи хүүхэлдэйн кино орчуулж өгч чадах уу” гэв. Би ажил дээр нь очоод хүүхэлдэйн киног орчуултал, “Чи ажил хийсэн юм чинь мөнгөө ав” гээд хэдэн төгрөг ч билээ. Ааваасаа ажлын хөлс авч байсан тэр өдөр надад их дурсамжтай үлдэж дээ. Хүүгийнх нь хувьд, аавынхаа нэрийг хугалахгүй явах нь миний үүрэг гэж ойлгодог. Одоогоор би аавынхаа нэрийг муугаар гаргаагүй явна. Аав ээж хоёр 1963 оны нэгдүгээр сарын 1-нд гэр бүл болсон. Тэр хоёр хэрэлдэж байхыг би лав харж, сонсож байгаагүй. Манай аав Москвад сургуульд төгсөж ирсэн болохоор их моодны ганган залуу байсан гэдэг. Драмын театр дээр ирээд, Нараатай (Жүжигчин Х.Нарантуяа нь түүний ээж бөгөөд драмын театрын тайзнаа 150 гаруй дүр бүтээсэн манай шилдэг уран бүтээлчдийн нэг байсан) танилцъя гээд явж байсан ахмад үеийн жүжигчид дурсдаг юм. Би эцэг эхээс хоёул. Миний дүү Эрхэмхатан Америкт гэр бүлийн хамтамьдардаг. Аавынхаа дурсгалыг хүндэтгэж, төрж өссөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын сургуулийг түүний нэрэмжит болгох, аймгийн музейд нь аавын тухай булан байгуулах бодол надад бий.
Уран бүтээлч гэдэг нэрийг хэн дуртай нь олж авч, бусад ажил мэргэжлийн адил онол, дадлагаар эзэмшиж болдоггүй, өөрийн төрөлх авьяас билэг, онцгой чадвар, хичээл зүтгэлээр төрдөг онцлогтой аж. Өөрийн мэргэжил, зохиол бүтээлдээ амьдрал,сэтгэл зүрхээ бүрэн зориулсан уран бүтээлч Дожоодоржийн намтар түүх дундаршгүй их юм. Үүнээс хамгийн сонин содон, онцлон мэдүүштэйг нь танд хүргэхийг хичээлээ. Ингээд төгсгөх нь зүй ч Дожоодорж зохиолчтой холбоотой мөн нэг чухал баримт үлдэж хоцрох нь. Чухам юу вэ гэвэл түүний талаар жинхэнэ үнэнийг өгүүлэх гэргийнх нь хэвлэлд өгсөн хуучны нэгэн ярилцлагыг азаар олж авсан юм. Түүний гэргий жүжигчин, СТА Х.Нарантуяа ийн өгүүлжээ.
Х.Нарантуяа(Дожоодорж зохиолчийн гэргий): Миний ханийн киног үзээгүй хүн ч ховор доо гэж бодож бахархдаг юм
-Бид хоёр анх 1962 онд танилцаж, 50 жил сайхан амьдарсан. Жинхэнэ гүндүүгүй, сайхан монгол эр хүн байсан даа. Би нэг удаа ч хүнтэй муудаж, том дуугарч байхыг нь үзээгүй. Дутагдал нь гэвэл гэр орныхоо ажлыг ер хайхардаггүй хүн байсан. Манайх хоёр хүүхэдтэй болохоор би түүртэх биш, ар гэрийнхээ бүх ажлыг зохицуулчихна. Номоо л бичнэ. Архи тамхи огт хэрэглэдэггүй болохоор найз нөхөд ч цөөхөн. Харин шатар сайн тоглоно. Зуны улиралд амарч зугаална гэдгийг мэдэхгүй, айлд уригдахаар очих их дургүй. Хааяа хэдэн зохиолчид л манайхаар орж ирдэг байсан. Чойжилын Чимэд гуай үе үе утасдаж, “Дожоо хө намайг таксигаар гэрт хүргээд өг” гэж ярьдаг. Өвгөнийг маань архи уудаггүй болохоор Цэвэлсүрэн гуай хүргүүлээд очихоор загнадаггүй гээд Чимэд гуай хүргүүлэх дуртай байсан юм. Москвагийн кино урлагийн дээд сургуулийг кино зохиолч мэргэжлээр төгссөн монголын хоёр дахь хүн байсан юм. Ц.Зандраа гуай 12 жилийн өмнө энэ сургуулийг ижил мэргэжлээр төгссөн юм билээ. С.Удвал зохиолч миний ханийг мэргэжлийнхээ ид шидийг жинхэнэ үзүүлсэн гэж урам хайрлаж байсан удаатай. Би ч бас миний ханийн киног үзээгүй хүн ч ховор доо гэж бодож бахархдаг юм.
Телевизийн тухай “Зурагт зулын хойморт” гэдэг ном бичсэн юм. Түүхийг нь сайн мэддэг болохоор их сайн бичсэн гэдэг юм байна лээ. Дожоогийн бичсэн жүжгүүдийг бүх аймгийн театрт тавьсан. Гавьяа шагналын хувьд би бусдын адил жаахан гомдолтой л байдаг юм. Өвгөнд маань “Алтан гадас одон”, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээс өөр гялтайх юм байгаагүй. Тэр олон сайхан кино зохиол бичиж, зөндөө ном гаргасан ч “Төр засаг шагнал өгсөнгүй” гэж гомдоллож байгаагүй. Ямар сайндаа би “Гавьтай бүтээлгүй хүмүүс алдар цол аваад л байх чамд яагаад өгдөггүй юм” гэхэд “Түмэн олон маань намайг тэр хүмүүсээс илүү мэддэг юм” гээд инээж байсан. Ер нь Дожоод ном гэж салшгүй хань нөхөр л байсан. Бичсэн зохиолоо цүнхэндээ хийгээд л гарч өгнө дөө. Тэр “Алтан цөгцний хэрэг”-ийн талаар болон “Харь гариг”-ийнхний тухай мэдээллүүдийг тухайн үед хүмүүс үнэхээр их сонирхож, одоогийн ярьдгаар сенсаац болж байсан шүү. Зарим нэг таньдаг хүмүүс надаас хүртэл асууна. Би “Болох, болохгүй хүний ярьсан юмыг яах гэж бичиж байдаг юм” гэхэд ер ойшоодоггүй байв. “Түүхийн өмнө хүлээх хариуцлага” нэвтрүүлгээ телевизээр 34 удаа цацаж байсан гэдэг. Хот хөдөөгүй олон мянган үзэгчид сайн нэвтрүүлэг боллоо гэж ярьж, урам өгдөг байв. Сүүлд өвдөхөөсөө өмнө “Би социализмын сүүлчийн хүн” гэдэг зохиол дээрээ ажилласан.
Мөн Ю.Цэдэнбал гуайг Москвад хэрхэн аж төрж байгааг Монголын ард түмэнд хүргэх гэж чамгүй хөөцөлдөж явсан юм. Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгийн ард иргэдээс маш олон захидал ирнэ. Өвгөн маань Москва явахаар зориглож Намын төв Хороонд захидал бичиж явуулсан. Тэгэхэд визнээс авхуулаад улс төрийн том хүнтэй холбоотой асуудал болохоор өөрөө шийдэж чадахгүй, эрх мэдлээс нь давсан асуудал бишгүй л байсан. Дээрээс зөвшөөрсөн хариу аваад зардал мөнгөө хувиасаа гаргаад Москвад очсон. Тэнд суугаа манай Элчин сайд Дожоог хүлээж аваад “Таны энэ асуудлыг би ч шийдэж чадахгүй, Учир нь Филотова гуай хэнтэй ч уулзуулдаггүй юм. Олон хүн энд ирээд уулзаж чадаагүй буцсан” гэж хэлсэн гэдэг. Тэгээд хэд хонож байтал элчин сайд нь утсаар яриад “Танд Цэдэнбал даргатай уулзах ганц л арга байна. Удахгүй цагаан сар болно. Тэр үеэр би очиж золгоно. Та золгоё гээд хадагтай очвол Филотова гуай оруулж магадгүй. Тэр үеэр эвтэйхэн аргалж байгаад ярилцлага авахыг бод” гэсэн юм билээ. Тэр үеийн томчууд бичлэгийг нь үзээд “Ард түмэн нэхээд байгаа болохоор үзүүлэхээс яахав” гээд гаргахыг зөвшөөрсөн. Тэрнээс хойш манай гэрийн утас шөнө өдөргүй дуугарч “Үнэн бодит сайхан нэвтрүүлэг хийсэн байна. Бид хэдэн жил сургийг нь сонссонгүй, хөгшин хүнийг одоо нутагт нь авчрах хэрэгтэй, дээш нь дамжуулж хэлж өгөөрэй” гээд олон санал сэтгэгдэл хэлдэг байсан. Тэр нэвтрүүлэгийг хийгээд Дожоо маань маш олон хүнээс талархлын сайхан үг сонсоод сэтгэл хангалуун үлдсэн.
Өнөөдрийн бидэнд өнгөрсөн үеийн нийгмийн амьдрал, бодит түүхийг өгүүлэх алдартай кинонуудын зохиолыг бичиж үлдээсэн энэ эрхэм хүмүний намтар түүхээс мэргэжилдээ эзэн байх, хөдөлмөрч шударга амьдрахын сайхныг уншигч та үлгэрлэн харж буй биз ээ. Тэрээр сэтгүүлч, зохиолчийн хөдөлмөрийг хослуулан, ихэнх хугацаагаа үүнд зориулсныг дээрх баримтууд өгүүлсэн байх. Ингээд түүний намтар түүхийг дурдан өгүүлсэн энэхүү бичвэрээ амьдралынх ньсүүлийн хэсэгтэй хамтад дуусгая. Нэрт зохиолч бичгийн их хүмүн, Дожоодорж гуай амьдралынхаа сүүлийн жилүүдийг хэвтэрт өнгөрөөж, улмаар 81 насандаа буюу 2011 оны арван нэгдүгээр сарын 30- нд хорвоогийн мөнх бусыг үзсэн юм.
Түүний бичсэн кино зохиолууд Монголын ард түмний хувьд, үргэлж үзэх дуртай, хэзээд уйдамгүй, мөнхийн бүтээл аж. Мөнхийн бүтээлийн зохиолч, мөр нь арилшгүй Дожоо гэж ийм л үлгэр жишээ, баялаг намтартай, түүхэнд мөр тод нэгэн байв.