Цэргийн тагнуулч Н.Кампаан агсны 105 жилийн ойд зориулсан ЭШХ боллоо
Энэхүү арга хэмжээ нь залуу хойч үед эх оронч үзлийг төлөвшүүлэх, түүхэн бодит үнэнийг таниулахад чухал хувь нэмэр оруулж буйг оролцогчид онцолсон байна.
Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэсэн хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эх оронч, цэргийн нэрт тагнуулч Навааны Кампаан агсны мэндэлсний 105 жилийн ойг тохиолдуулан түүний алдар гавьяаг мөнхжүүлэх “Эрдэм шинжилгээний хурал” зохион байгуулагдав. Уг арга хэмжээг Н.Кампаан агсны ар гэр, төрөл төрөгсөд санаачлан явуулсан бөгөөд Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон тус яамны удирдлагууд оролцож, хүндэтгэл үзүүлсэн юм.

Н.Кампаан нь 1938 оноос цэргийн албанд татагдаж, орчин цагийн Зэвсэгт хүчний үндэс суурийг тавих үйлсэд манлайлан оролцсон нэрт зүтгэлтэн билээ. Тэрээр 1939 оны Халх голын дайн болон 1945 оны Чөлөөлөх дайнд биечлэн оролцож, 17-хон насандаа байгуулсан онц гарамгай гавьяагаа үнэлүүлэн, Маршал Х.Чойбалсангийн тушаалаар “Цусан гавьяаны нэгдүгээр зэргийн улаан тугийн одон”, “Алтан гадас одон”-оор шагнагджээ. Зэвсэгт хүчинд байлдагчаас эхлэн тасгийн дарга, салааны дарга, тагнуулын ротын дарга зэрэг хариуцлагатай албан тушаалуудыг хашиж явсан түүхтэй.


Хурлын үеэр судлаачид Н.Кампааны намтар, түүний гүйцэтгэсэн тусгай үүрэг, ялангуяа тагнуулын салбарт оруулсан хувь нэмрийг нэхэн дурсаж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцүүллээ.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэлэхдээ, “Эх орныхоо бүрэн эрхт байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тулалдаж явсан Навааны Кампааны алдар гавьяаг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний дайчин цэрэг эрс бүхэн хэзээ ч мартахгүй дурсаж, үлгэрлэн дуурайх болно” хэмээн онцлон тэмдэглэв. Энэхүү арга хэмжээ нь залуу хойч үед эх оронч үзлийг төлөвшүүлэх, түүхэн бодит үнэнийг таниулахад чухал хувь нэмэр оруулж буйг оролцогчид онцолсон байна.