Эдийн засаг ба амьдрал

Өөдрөг төсөв ба гунигт амьдрал: Хөгжих гэтэл дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна

Нийтэлсэн: Manduul.B 2026.02.23 13:41 15 үзсэн
Өөдрөг төсөв ба гунигт амьдрал: Хөгжих гэтэл дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна

2004 оноос хойш сүүлийн 21 жилд төсвийн орлого ес дахин өссөн бол (ханшийн уналтыг оруулахгүйн тулд ам.доллароор тооцов) төсвийн зарлага яаж дутхав 10 дахин нэмэгдэв. Тэр дундаа төсвийн алдагдал сонгуулийн жилүүдэд огцом нэмэгдэж байгааг анзаарах хэрэгтэй.

Банкны АТМ-г өндөр хамгаалалт дор хөл хөдөлгөөн нам гүм үеэр цэнэглэдэг. Бас ч үгүй сум нэвтэрдэггүй машин, тусгай хамгаалалтынхан харгалзаж явна. Энэ мэт мөнгө цэнэглэх процесс нь олны хөлөөс далд явагддаг тул хүмүүс “АТМ мөнгөгүй байна” гэж барагтаа л төсөөлддөггүй. Тасралтгүй картаа шургуулдаг. Дуусахгүй мэт авирладаг.
Манай сэдвийн тухайд, АТМ цэнэглэгч нь 1.6 сая гаруй ажилтан, 91 мянган ААН-үүд. Харин АТМ-н мөнгө хэрэглэгч нь манай Засгийн газар. Алсын хараатай Засгийн газрын ойрын хараанд “Хөгжих гэсэн дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэх тод дэлгэц гарч ирлээ.
Учир нь гэвэл 2024 оноос коксжих нүүрсний үнэ унаж огцом эхлэв. Энэ нь экспортын орлогод сөргөөр нөлөөлж, энэ оны нэгдүгээр сард төсвийн орлого төлөвлөснөөс 40 хувиар буурав. Түүнчлэн эдийн засгийн өсөлт энэ онд таван хувиас доош байж магадгүй гэж эдийн засагчид хэлж буй. Ийм нөхцөлд бүрхэг төсвөө дахин өөдрөгөөр тодотгож, ард түмнийхээ гунигт амьдралыг үл хайхрах нь тэдний гэм биш зан.
АТМ цэнэглэгчид буюу Иргэд, ААН-ийн гунигт амьдрал
Голоо гурав хуваагдтал бүсээ чангалсан АТМ цэнэглэгч нарын эдийн засгийн тамир тэнхээ тасарч, дархлаа нь сулран өвчинд нэрвэгдэж эхэллээ. Тэд хэр удаан тэсэх бол. Хувь хүн л гэхэд цалингаасаа 34 хувийг татварт төлдөг. Цалингаас гадуур хөдлөх, үл хөдлөх, санхүүгийн хөрөнгөтэй болох бүрт татвар бас төлнө. Харин ААН-үүд орлогын албан татвар, НДШ, НӨАТ гэх мэтээр төлдөг. Өнгөрсөн 21 жилд АТМ цэнэглэлт буюу төсвийн орлого ес дахин өсжээ.
Харин АТМ цэнэглэгчид “21 мянгаар хэрхэн амьдрах вэ” шоунд оролцож буй мэт урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр. Үүнийг баталж болох хэдхэн тоог дор дурдав.
-Ядуурлын түвшин 2005 онд 36 хувь байсан бол 2022 онд 27 хувьд хүрч, ердөө есөн нэгж хувиар л буурчээ. Дэлхийн ядуурлын түвшин 9.2 хувь байхад манайх үүнээс хэд дахин өндөр байгаа нь эдийн засгийн ямар нэг хямрал болоход эмзэг давхарга огцом нэмэгдэхийг харуулна.
-Ажилгүйдлийн түвшин 2005 онд долоо хувь байсан бол 2023 онд 5.2 хувьд хүрч, ердөө 1.8 нэгж хувиар л буурчээ.
-Ажиллах хүчний оролцооны түвшин 2006 онд 61 хувь байсан бол 2024 онд 62 хувь болж, нэг нэгж хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насанд хүрсэн хүн амынхаа 60 гаруй хувиар л ажиллах хүчин бүрдсээр байгаа нь төрөөс явуулж буй бэлэн мөнгө, халамжийн хавтгайрсан бодлогын илэрхийлэл юм.
-2005 онд нэг хүнд ногдох өр 961 мянган төгрөг байсан бол 2024 онд есөн сая төгрөгтэй тэнцэж, ес дахин өсжээ. Нэг хүнд ногдох өрийн хэмжээ их байх нь цаашид татварын орчин сайжрахгүйг илтгэнэ.
АТМ-н гол хэсгийг цэнэглэдэг ААН-үүдийн хувьд ч тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй мэт амьдарч байна. Тухайлбал, ААН-үүдийн НӨАТ-ын өр 540 тэрбум төгрөгт хүрчээ. Хэрвээ АТМ –ээ цэнэглэж чадахгүй бол дансыг нь хааж, үйл ажиллагааг нь зогсооно гэж төрөөс сүрдүүлэх болжээ. Худалдаа Аж Үйлдвэрийн явуулсан “Бизнесийн итгэлийн индекс”-ийн сүүлийн судалгаагаар бизнест тулгамдаж буй томоохон асуудлын тэргүүнд татварын хувь, хэмжээ оржээ. Харин хоёрдугаарт, бодлогын тогтворгүй байдал (сангийн болон мөнгөний бодлого) цаашлаад авлигал, хээл хахуулийг дурджээ. Түүнчлэн Бизнес хийх итгэл байгаа эсэх дээр бизнес эрхлэгчид сүүлийн 10 жилийн долоон жилд нь итгэл багатай байна. Өөр нэгэн баримт дурдахад, Дэлхийн банкнаас 180 гаруй орноос авдаг “Doing Business” –н судалгаанд Монгол Улс рэнкээр 2008 онд 51-р байранд жагсдаг байсан бол 2020 онд 81-р байранд жагсаж, 30 байр ухарсан үзүүлэлттэй байна.
АТМ-с мөнгө хэрэглэгчид буюу Засгийн Газрын өөдрөг төсөв
Сүүлийн 30 жилд Монголчууд АТМ-ээ хангалттай цэнэглэснийг дээрх тоо баримтууд хэлж өглөө. Харин АТМ-с мөнгө авч хэрэглэдэг Засгийн газар маань тэр мөнгийг дорвитой зарцуулж чадаагүй юм. Ёстой л АТМ-с цэнэглэсэн мөнгийг дуусдаггүй мэтээр авирласан. Хамгийн тод жишээ гэвэл сүүлийн 20 жилийн 15-д нь төсвийг алдагдалтай баталжээ. УИХ, Засгийн газрын шийдвэрүүд хэр зэрэг оновчтой байсныг дээрх өгүүлбэр харуулна. Өөрөөр хэлбэл орлогоосоо давсан хэрэглээтэй, санхүүгийн сахилга бат муу, хуримтлал үүсгэхээс цааргалдаг, өрөө өрөөр дардаг айл өрхтэй Монгол Улсыг зүйрлэж болохоор байна.
2004 оноос хойш сүүлийн 21 жилд төсвийн орлого ес дахин өссөн бол (ханшийн уналтыг оруулахгүйн тулд ам.доллароор тооцов) төсвийн зарлага яаж дутхав 10 дахин нэмэгдэв. Тэр дундаа төсвийн алдагдал сонгуулийн жилүүдэд огцом нэмэгдэж байгааг анзаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сонгуулиар АТМ илүү их ачаалж байв. Уг нь төсвийн зардлыг хэрхэн бууруулах тухайгаа сонгууль бүрийн мөрийн хөтөлбөртөө сайхан амласан нь бий. Гэвч статистик худал хэлдэггүй.
-2012 оны сонгууль. Уул уурхайн өсөлттэй үед төсөв 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарав. Энэ үед уул уурхайн бүүм үе байсан учраас төсвийн орлого нэмэгдэх хэмжээгээр зарлагыг өсгөж байв.
 -2016 оны сонгууль. Хямралтай үеийн энэхүү сонгуулиар төсвийн алдагдал 3.6 их наяд төгрөгт хүрэв. Нүүрсний үнийн уналт экспортод хүчтэй цохилт болж, төлбөрийн тэнцэл, төсвийн хос хямралтай нүүр тулав. 
-2020 оны сонгууль. Ковидын айдаст автсан үеэр төсвийн алдагдал 4.4 их наяд төгрөгт буюу түүхэн дээд хэмжээнд хүрэв. Төсвийн ил тод байдал, хяналт бүдгэрч, чоно борооноор гэдэг шиг төсөвт хулгай зэлгээ газар авсан үе юм.
-2024 оны сонгууль. Их идсэний маргааш өнж гэж байгаа мэт 2024 оны төсвийн алдагдал эрс буурч, 776 тэрбум төгрөгөөр хаагдав. Өмнөх засаг нь үргэлжлэх нь тодорхой нөхцөлд л тухайн Засгийн газар нь зарцуулалт дээрээ шунахгүй энэ мэт тоог гаргана.
Гаднын АТМ ашигласан нь: Гадаад бонд, Хөгжлийн банк
Монголын АТМ цэнэглэгч нараа барьцаалан байж гаднын АТМ-с манай төр мөнгө авч байсан олон тохиолдол бий. 2012 оноос эхэлсэн хаадын нэртэй эдгээр гадаад бондуудыг төлж чадахгүйд хүрч, ОУВС-н хөтөлбөрт хэдэнтээ орж байв.  
-Мөнгө зээлсэн нь үнэн, төлөөгүй сунгасаар байгаа нь ч үнэн. Харин юунд зарцуулагдсан нь Хөгжлийн банкны сонсголоос хэрхэн үрэн таран хийж, хоорондоо найрласан нь харагдана. 2024 оны байдлаар, Засгийн газрын өр 30.6 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ны 42 хувьтай тэнцэж байгаа юм. Үүнээс тал хувь нь, таваас дээш жилд төлөгдөх зээл байгаа юм.
-Засгийн газрын гадаад өр/ДНБ харьцаа нь энэ улс бүтээж буй баялгийнхаа хэдэн хувьтай тэнцэх өртэйг харуулдаг. 2005 онд энэхүү үзүүлэлт 30.8 хувьтай байсан бол 2015 онд 55 хувь, 2020 онд 75 хувь, 2023 онд 42 хувьд хүрчээ. Улс орнууд ихэвчлэн гадаад зээлийг дэд бүтцийн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх замаар татна. Харин манайд 2012 оноос хойш гаргасан бондууд нь бусдын идэш ууш болсоор тэрхүү өрийг төлөх үйлийн үр нь ард түмэн бидэнд буусан аж.
-Зээлийн үйлчилгээний төлбөр буюу зээлийн төлбөрт жилд дунджаар нэг их наяд төгрөг буюу төсвийн орлогын тав орчим хувьтай тэнцэх мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай тогтворгүй хууль буюу АТМ-н зарлагыг хянах гэж оролдсон нь
АТМ-с зах замбараагүй мөнгө аваад байгаа бие биедээ хяналт тавих шаардлага үүсжээ. Улмаар бусад улс орон хэрхэн хянадгийг судлан баталсан хууль нь “Төсвийн тогтворгүй байдлын тухай хууль” юм. Харамсалтай нь, уг хуулийг сүүлийн 10 жилийн хугацаанд есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Үнэндээ бол нэр нь хүндэтсэн хамгийн тогтворгүй хууль аж. Илүү том зургаар харвал, эдийн засаг өссөн ч өрөөр санхүүжүүлж байгааг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Захирал Б.Түвшинтөгс шүүмжилж байв. Тэрбээр “Сүүлийн 10 жилд төсвийн сахилга баттай байсан бол Засгийн газар 7.6 орчим их наяд төгрөг хадгалах боломжтой байлаа. Энэ бол алдагдсан боломж. Мөн 2020, 2021 онд төсвөөс гадуур зарцуулсан 2.15 их наяд төгрөгийг хадгалсан бол 9.9 их наяд төгрөгийн хадгаламжтай байх боломжтой байсан” хэмээн дүгнэжээ.
Сүүлийн 30 жил АТМ-ээ тасралтгүй цэнэглэсний гай, гавьяа
Төсөв батлагдах үеэр төсвийн хулгайг харуулсан олон ч тоо хөвөрдөг. Тухайн үед АТМ цэнэглэгч нар төдийлөн тоодоггүй ч хэдхэн сарын дараа толгой руу, хагас жилийн дараа халаас руу ордог. Энэ жилийн хувьд ч нөхцөл байдал өөр биш. Төсвийн тодотгол хийж, бүсээ чангална, ААН-үүдийн үйл ажиллагаа зогсонги зарим нь татварын дарамтаа дийлэхгүй хаалгаа барина, үнэ, ханш өсөж цалин, тэтгэврээ тавьж чадахгүй хүрэх эрсдэл хэвээр. Учир нь өмнөх жилүүдийн жишгээр төсвийн гол орлого болох нүүрсний үнэ хэт өөдрөг төсөөлж, 129 ам.доллар гэсэн ч өнөөдөр бирж дээр 72 ам.доллароор ч худалдаж авахгүй байна гэж эдийн засагч Р.Даваадорж мэдээлсэн. Уг нь алдагдалгүй төсөв баталснаар төсвийн үргүй урсгал зардлыг танах, төрийн бүтээмж, төрийн өмчийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжих бодлогын шилжилтүүд хийх боломж нээгддэг. Гэвч АТМ цэнэглэгч нарт энэ цонх үргэлж хаалттай төдийгүй тэд бизнес эдийн засгийн бүгчим орчинд амьсгалахад бэрх байна.
Сүүлийн 30 жил АТМ-ээ тасралтгүй цэнэглэсний гавьяа нь ядуурал нь 30 хувь, ажилгүйдэл нь зургаан хувь, бэлэнчлэх сэтгэлгээтэй, ажиллах сонирхолгүй ард түмэн үү. Цементэн ширэнгэд амарч, түгжрэлд гацаж, утлагад орсон УБ хот уу. Инфляцад хоёр орноор идүүлж, ам.долларт гурав дахин алгадуулсан өдөр, шөнөгүй зүтгээд ч амьдралд дэм болохгүй цалин, орлого уу. Эрүүл амьдрах эрхээ хасуулж, итгэж амьдрах жигүүрээ тастуулан эх орноосоо зугтах хүсэлтэй залуучууд уу. Тэтгэврийн хэдээрээ сонгуулийн саналд гинжлүүлэн бор хоног, шар нарыг өнгөрүүлж буй энэ хэдэн ахмадууд уу. Энэ бол ердөө л үр дүнгийн зах зух.
Харин бидний нөхөж чадахгүй зүйл нь хөгжих боломжоо алдсан эдийн засгийн алдагдсан боломжийн өртөг болон цаг хугацаа байсан юм.
Амар тайван хөгжих 20 жилийг алдсан нь
Ирэх 20 жилийн геополитик, гадаад худалдаа, хөршүүдийн бодлого өнгөрсөн 20 жилтэй харьцуулшгүй өөр болохоор байна. Өнгөрсөн 20 жилд Хятад, ОХУ дотоодын асуудалдаа анхаарч, чухам биднийг үл тооно. Харин өнөөдөр тэд хөршүүд рүүгээ хараад нэгэнт эхэлжээ. Хурдтай хөгжиж, дараагийн Катар болох алтан үеийг бид ашиглаж чадсангүй. Ёстой Ванга шиг хэлье гэдэг шиг ирэх 20 жилд дараах зүйлс тодорхой болжээ. Улс орнууд нүүрснээс татгалзаж эхэлжээ. Бид тэгэхэд 2030 онд төмөр замын холболттойгоо сууж байх нь байна. Төмөр замаа холбоод сая хартал таны нүүрсийг авахгүй гээд сууж байх вий. Гэтэл өнөөдөр нүүрс нь экспортын 60 хувийг дангаараа бүрдүүлж, энэ үеийн өнгөтэй өөдтэй баян хүн бүрийн овог нь нүүрс гэх нэрээр солигджээ. Геополитикийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байна. Дэлхий нийтээр шинэ дэг тогтож буйг хөрөнгө оруулагч Рэй Далио нэгэнтээ хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бидний юу хийх нь хоёр хөршид илүү хамааралтай болж эхэлж байна гэсэн үг. Тэд санал солилцохгүй, тэд нөхцөл л тулгана.
Ай даа, эцэст нь тэгээд “Хөгжих гэсэн АТМ дэх мөнгө хүрэлцсэнгүй ээ” гээд хээвнэг сууж байцгаадаг.