Хөрөг нийтлэл

Монгол Улсын түүхэн дэх анхны эмэгтэй аймгийн Засаг даргын түүх

Нийтэлсэн: У.Түвшинбаяр 2026.01.13 18:54 83 үзсэн
Монгол Улсын түүхэн дэх анхны эмэгтэй аймгийн Засаг даргын түүх

Анх Ховд аймгийн Засаг даргаар томилогдоод очиход нь Тамгын газрын жолоочоос өөр хүн угтаж аваагүй аж. Тэр энэ тухайд, “Эхлэл үнэхээр хатуу байсан. Одоо бодоход улс төрийн мессеж л байж" гэв.

“Анхны эмэгтэй Засаг дарга болохоор мөн ч их сонин зүйлтэй тулгардаг. Цагаан сараар “Дарга дээшээ суу, ууц хөнд” гэхэд нь “Эмэгтэй хүн ууц хөндөх нь ёс заншилд таарах бил үү” гэж бодож билээ. Тэр бүү хэл аймгийн наадмаа нээчхээд, сурын харваанд байгаа оноход ард олон гайхшрал дүүрэн уухайлж байсан сан” гэж тэрээр өгүүлэв. 

Дарга гэхээр тухайн нутгийн уугуул бөгөөд орон нутагтаа олон жил ажиллаж, амьдарсан эрэгтэй хүнийг л төсөөлдөг. Тэгвэл эмэгтэй хүн удирдах ажлыг ямар гарамгай хийж чаддагийг үйлдлээрээ харуулан хэвшмэл ойлголтыг “халж” яваа Ховд аймгийн Засаг дарга асан, одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Э.Болормааг энд онцлон бичих нь. Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй аймгийн засаг дарга болсон тэрээр эзэмшсэн өндөр боловсрол, ур чадвартаа тулгуурлан цар тахлын хүнд үеэс эхлэн эх орныхоо төлөө ажиллаж яваа юм. 

“Ажлын цаггүй” дарга 

Түүнийг ажлаа дуусахаар нь ярилцъя гэж тохирсон авч хэдийнэ шөнийн 12 цаг өнгөрчээ. “Өнөөдөр ч ярилцахгүй нь  дээ” гэж бодон суутал тэрээр залган, “Миний ажил одоохон дууслаа. Хэдэн минут хүлээж байгаарай” гэв. Аймгийн Засаг даргаа өдрийн цагаар ч тамгын газартаа ховор харж, хэд хоног албан бичиг барин, захиргааны үүд сахиж байсан туршлагатай надад энэ маш шинэ зүйл байлаа. Э.Болормаа даргын хувьд шөнө дөл хүртэл ажиллах нь хэвийн зүйл ажээ. Бидний ярилцсан тэр жилийн тэр өдөр л гэхэд өглөө 9 цагаас эхлэн Аймгийн онцгой комиссын гишүүдтэй дөрвөн цаг хуралдан, дараа нь хөдөө сумандаа очиж төрийн үйлчилгээг иргэдээ танилцуулчихаад, оройхон нь Эрүүл мэндийн газрын үйлчилгээний талаар холбогдох мэргэжилтнүүдтэйгээ ярилцжээ. Харин үдшийн 23 цаг өнгөрч байхад албан бичигтэй танилцах, и-мэйлээр тушаал шийдвэр илгээх ажлаа хийж байсан нь энэ. 21 аймгийн засаг дарга бүгд ажлаа ингэж цаг наргүй хийдэг бол хот хөдөөгийн ялгаа удахгүй арилана даа  гэх бодол зурсхийж билээ. Тэрээр Засаг даргын ажлыг авсан эхний жилдээ аймаг, сумдаа тойрон ажиллаж нийт 60 мянган километр явснаа хэлж байсан юм. Мөн долоо хоног бүрийн пүрэв гарагийг иргэдээ сонсоход зориулж, Ховд аймагт тулгарч байсан газар олголтыг асуудлыг цэгцлэн, өнгөрсөн жил 15 мянган хүнд 0.7 га газрыг нь олгожээ. Өмнө нь жилд 100-200 хүнд л  газар олгодог хүнд суртал тогтсон байж. Мөн тоон гарын үсэг ашиглах явц түүнийг засаг даргаар томилогдоход 9 хувьтай байсан бол 2023 онд 68 хувьтай болсон байна. Түүнчлэн эрүүл мэндийн эрт илрүүлгээр Ховд аймаг улсдаа сүүл мушгиж байсан бол өдгөө улсын дунджаас дээгүүрт бичигдэж буй. 

Анх Ховд аймгийн Засаг даргаар томилогдоод очиход нь Тамгын газрын жолоочоос өөр хүн угтаж аваагүй гэдэг. Тэр энэ тухайд, “Эхлэл үнэхээр хатуу байсан. Одоо бодоход улс төрийн мессеж л байж. Гэхдээ одоо намайг томилолтоор яваад ирэхэд “Дарга сайн явж ирэв үү” гээд угтдаг болсон. Намагжсан нөхцөл байдлаас гарахад өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй гэдгийг иргэд маань ойлгож, хамтран ажиллаж байгаа” гэлээ. 

Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Д.Дуламсүрэн: Анх хотоос засаг дарга ирнэ гэхэд нь “Нутаг усны хүн байж болоогүй юм байхдаа” гэж ярьж байлаа. Гэтэл одоогийн залуучууд өөр болсон байна. Бидний үе шиг тэр, энэ нутаг гэж ялгахаа байж, эх орноо гэсэн сэтгэлээр ажилладаг болж. Манай засаг дарга залуухан эмэгтэй атлаа тун  чадварлаг, дайчин. Ховдод тулгараад байсан хог хаядал, газрын асуудал зэргийг түргэн хугацаанд шийдэж чадсан. Үүнээс харахад, Ховд аймагт өөрчлөлт, шинэчлэлт дэндүү их үгүйлэгдэж байжээ. Одоо бодохнээ урьдын адил дотроосоо нэг дарга тавьчихсан бол авлига хээл хахууль үргэлжилсээр байх байж дээ. Учир нь тэр авлига хээл хахуулаас ангид байх, бусдад шаардлага тавьж ажиллаж чадаж байгаа. Бид залуучуудаа дэмжин Ховдод өрнөж буй хөгжил шинэчлэлтийг харж, баярлаж сууна. 

Эх орноо гэсэн сэтгэлийн дуудлага

Тэрээр 2021 оны нэгдүгээр сард Бээжин дэх Азийн дэд бүтцийн Хөрөнгө оруулалтын банкны анхны монгол ажилтан болоод удаагүй байхдаа тухайн үеийн ерөнхий сайдаас “Миний ажлын албаны дарга болооч” гэсэн саналыг хүлээн авчээ. Монгол төрийн төлөө зүтгэнэ гэдэг нэр төрийн хэрэг, хүн бүхэн тохиоохгүй хувь тавилан хэмээн бодсон учир маргааш нь л ажлаасаа гарах өргөдлөө өгсөн аж. Цар тахлын үе байсныг ч хэлэх үү, Бээжингээс шууд гарах нислэг байгаагүй тул вагоноор Тяньжин руу очиж, тэндээсээ Сөүлээр дамжин эх орондоо иржээ. 

Э.Болормаа даргыг ажилдаа дөнгөж ороход 10 их наяд, цар тахлын эсрэг вакцинжуулалт, хөл хорио зэрэг том сорилтуудыг Засгийн газар давж гарах шаардлагатай болоод байжээ. Ингэж тэр хүнд цаг үед төрийн жолоо атгалцсан нь энэ. Түүний хувьд арван жилээ төгсөөд, гадаадын тэтгэлгээр АНУ-д суралцан, эдийн засгийн мэргэжил эзэмшжээ. Түүнчлэн АНУ-ын Нью-Йорк хотноо Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр магистр хамгаалав. Дараа нь 14 мянган залуусаас шалгарч, Дэлхийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн алба, гүйцэтгэх захирлын ажлын албанд ажиллаж байжээ. 2015 онд Дэлхийн банкны анхны “Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөр”-ийг батлахад оролцож, түүхэн 13 тэрбум ам.долларын санхүүжилт босгох ажилд оролцсон аж. Энэ мэтчилэн тэр олон улсын төрийн албанд ажиллаж туршлага хуримтлуулсан байна. 

Э.Болормаа шиг дэлхийд үнэлэгдсэн монгол залуусын хэдэн  нь эх орондоо эргэн ирж, бүр цаашилбал орон нутагт  ажиллах бол. Төрийн албаныхаас хэдэн 100 дахин өндөр цалин хөлс, цэмцгэр нийгэм, тохьтой орчныг орхин эх орондоо эргэж  ирсэн түүний шийдвэрийг сэтгэлийн дуудлага гэхээс яалтай билээ. Засгийн газраас хөдөөгийн сэргэлтийг анхаарч буйгийн нэг илрэл бол Ховд аймгийн засаг даргын томилгоо юм. Аймгийн ИТХ-аар батлуулахаас эхлээд улс төр хүнд санагдсан ч засаг даргын ажил түүнд төдийлөн хүнд байгаагүй. Учир нь тэр хөгжлийн бодлогын чиглэлээр арвин туршлагатай нэгэн юм. “Хүмүүс эдийн засаг нь тогтмол тэлдэг, илүү шударга нийгмийг хүсэж буй. Зорьж буй цэг нь ижилхэн учир баг, хамт олон болоод ажиллахад төвөгтэй байдаггүй. Нөгөөтээгүүр эмэгтэй хүн хариуцлагатай, сайн ажиллаж чаддагийг би харуулах ёстой. Хожим надаас болж “Эмэгтэйчүүд засаг дарга хийж чадахгүй, удирдах албан тушаалд тохирохгүй” гэж яригдах учиргүй. Тиймээс би одоогийн нөхцөлдөө бүх хүчээ бүрэн дайчилна.” гэж тэрээр ярив.  

Ховд аймгийн Боловсролын газрын дарга В.Сайнбаяр: Адилхан эмэгтэй хүнийхээ хувьд би энэ түүхэн шийдвэрт тун их баяртай байлаа. Э.Болормаа даргын хувьд мэдлэг мэргэжил, туршлагаар гологдохгүй хэдий ч залуу бас эмэгтэй хүн гэдэг нь сул тал болно. Тэсэж чадах болов уу гэх эргэлзээ байлаа. Эмэгтэй хүн албан тушаал ахихад маш хэцүү гэдгийг би боловсролын салбарт 22 жил зүтгэж яваагийнхаа хувьд гадарлана. Харин залуу эмэгтэйн  удирдах чадварт эргэлзэх олон нийтийн хандлагыг тэр сөрж чадаж байгааг хамт ажилласан нэг жилийн хугацаанд харсан. Э.Болормаа дарга аливаа асуудлыг нарийн, гярхай мэдэрч хардаг учраас Ховд аймгийн боловсролын салбарт тодорхой амжилтууд гарч, шийдэл хүлээсэн олон асуудал цэгцэрсэн. (2023 онд хийсэн ярилцлага тул тухайн хүний албан тушаал нь өөрчлөгдсөн байж болно)

Бодлого боловсруулахаас гүйцэтгэх хүртэл

Улсын эдийн засгийг эрчимжүүлэх шийдлийг гадны зөвлөх байгууллагууд бус төрд ажиллаж буй залуу боловсон хүчин нэгдэн өөрсдөө гаргаж ирэх ёстой гэж үзсэний үндсэн дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хариуцлагатай даалгаврыг Э.Болормаа ба түүний багт өгчээ. Тэд зургаан сарын турш өдөр, шөнөгүй ажиллаж, “Шинэ сэргэлтийн бодлого” буюу Монгол Улсын эхний 10 жилийн төлөвлөгөөг боловсруулсан байна. Энэ бодлого бол Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж, тэдгээрийг арилгах зорилготой аж. Жишээлбэл, тус бодлогын хоёрдугаарт цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэрийг тодорхойлсон байна. Энэ тухайд тэрбээр, “Өнөөдөр баруун бүсийн аймгийнхан ОХУ-аас эрчим хүчээ авч байна. Ховд аймгийн урд гурван сум БНХАУ-аас эрчим хүчээ худалдан авдаг. Бид урд, хойд хөршөөс өндөр үнээр эрчим хүчээ худалдан авч, иргэддээ арай хямдаар зарж зөрүүг нь төсвөөс гаргадаг. Тиймээс эрчим хүчний хараат байдлаас гарах зорилтын нэг хэсэг бол Эрдэнэбүрэнгийн УЦС юм. Тус станцын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Тэр хэсгээр нутагладаг иргэдэд төслийн ач холбогдлыг ойлгуулж, нүүлгэн шилжүүлэх ажил бүрэн дууссан. Одоо замын ажлууд явж байна” гэж онцолсон юм. 

Түүнчлэн Ховдынхон дунд энэ ажлыг эсэргүүцэх нэг ч иргэн байхгүй болжээ. Бодлого боловсруулсан хүний хувьд гүйцэтгэх ажил тийм ч бэрхшээлтэй байгаагүй гэдгийг түүний “Энэ миний хамгийн дуртай сэдэв. Хэдэн цагаар ч  ярьчихаж мэднэ шүү” гэх уриалгахан хандлагаас мэдрэгдэж байлаа. Тэрээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулсан багийнхаа залуусаар бахархдаг гэдгээ ч онцолж байв. 

Илгээлтийн Багш НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Гантүшиг: Би Э.Болормаа даргатай Ерөнхий сайдын ахлах зөвлөх болохоос нь эхлээд Ховд аймгийн засаг даргаар томилогдох хүртэл нь хамтарч ажилласан. Залуу хүний хувьд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулах, батлуулах ажлыг хариуцна гэдэг үнэхээр хүнд. Тэр тусмаа өмнө нь төрийн захиргаа,улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй бол бүр ч хэцүү. Гэсэн чбодлого боловсруулах үндсэн багийг ахлан, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, улстөрч, шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчидтой уулзалт, зөвшилцөл хийж энэ бодлогын баримт бичгийг батлуулсан нь яах аргагүй том амжилт юм. Хамт ажиллахад түүний эрэмгий чанар өөрийн эрхгүй анзаарагддаг.Хийж буй зүйлдээ итгэх итгэл, түүнийгээ хамгаалан зориг байхгүйгээс улс төрд орохоос зайлсхийдэг олон хүнийг би мэднэ. Тиймээс Э.Болормаагийн энэ чанарыг хүндэлдэг, цаашдын ажлын замналд нь ч давуу тал болох байх гэж боддог. (2023 онд хийсэн ярилцлага тул тухайн хүний албан тушаал нь өөрчлөгдсөн байж болно)

Ховдын хүн

Хоёрдугаар төрөхөд төрж, хоёрдугаар 40 мянгатад өссөн ч түүний аав нь Ховд аймгийн Мөст сумын уугуул. Насаараа төрийн албанд ажилласан Энхбат гуай ажилдаа охиноо дагуулаад явдаг байсан аж. Эндээс Э.Болормаа төр түмний төлөө хэрхэн үйлчлэхийг ааваасаа харж, үлгэр авч өсчээ. Харин “Хүний үгийг өнгөрөөж сур” гэх ээжийнх нь захиасулс төрийн тогоонд орж, сайн муутай нүүр тулахадих хэрэг болж байгаа гэнэ. Өвөө эмээ нь одоо ч Ховд аймагтаа амьдардаг бөгөөд охиноо засаг даргаар ирэхэд бахархан угтаж авчээ Шүүмжлэлд өртөхөд нь “Миний охиныг гүтгээд байх юм” гэж тэд нууцхан өмөөрнө. Өөрийгөө хэдийн Ховдын хүн гэж бодох болсон тэрээр улс төр хийгээгүй, харин дуртай ажлаа хийж явна гэж тодотгох дуртай. Үе үе ажлаар хот орж ирэхдээ “Хурдхан л нутаг буцмаар санагдаж, урьд нь хотод амьдарч байгаагүй юм шиг түгжрэл хэцүү санагддаг” болсон гэв. Олон улсын байгууллагаас эхлээд орон нутгийн удирдлага хүртэл ажиллаж буй тэрбээр ажлаа хариуцлагатай хийж, шинэчлэлийн салхийг сэвэлзүүлж явна.